Б. Бямбасүрэн: Хоёулаа орон дээрээ хэвтээд дээшээ харж байхад тэрийг ингэж авсан гэх мэт бүгдэнг нь цуглуулж авах мэдрэмж маш гоё байсан

М.Мөнгөнсувд
2026/08/03

“Намаг”, “Өв залгамжлагч”, “Ахан дүүс”, “Ганц бие аавууд” гэх мэт олон киноны дүрээрээ үзэгчдийн танил болсон залуу жүжигчин Б. Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Үзэгчидтэйгээ мэндлээд ярилцлагаа эхэлье.
-Бүгдээрээ сайн байцгаана уу? Залуу уран бүтээлч Бямбасүрэн байна.

Та анх яаж найз охинтойгоо танилцаж дотносож байсан бэ? Анхны харцаар дурлаж байв уу? Юу нь таны хайрыг хамгийн ихээр татаж байв?

-Ер нь бол бие биенээ мэддэг байсан. Тэгээд "Ахан дүүс" олон ангит кинон дээр тоглоход үе үе таардаг байлаа. Тэгээд төрсөн өдөр дээр нь бид хоёр анх удаа уулзаж, харьцаж үзэж байсан. Түүнээс өмнө зөвхөн мэндтэй, устай л байсан гэх юм уу.
Тэгэхэд анхны харцаар дурлалцаагүй ээ. Найзлаад л явдаг байсан. Харин тэр жилийнхээ араас “Өв залгамжлагч” кинонд цуг тоглохоор болсон.
Бид хоёрын дотносох болсон шалтгаан нь эхний 14хоногийн зураг авалт нь нэг обьект дээр өдөр шөнөгүй цуг байгаад л, маазраад л байж байгаа шүү дээ.
Манай хүн чинь маш нээлттэй, хүнтэй шууд чөлөөтэй харьцчихдаг, өөрийнхөөрөө. Энэ зан нь намайг дурлахад нөлөөлсөн л дөө. Тэр үеэс л дурлаж эхлэсэн байх.

Анх дурлаж байна, сайн болж байна гэсэн мэдрэмжээ яаж ойлгосон бэ? Хэзээ мэдрэв?
-Энэ маш сонирхолтой. Тухайн үедээ тэр хүнд татагдаад байна гэдгээ мэддэггүй юм байна лээ. Байнга цуг байсан учраас сайн анзаараагүй. Тэгээд өдөр хоног, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөр мэдрэмж төрөөд, мэдрэмжүүдээ ялгаж эхэлсэн. Энэ найзын харилцаанд л төрж байна уу, эсвэл би үнэхээр хайр дурлалын хувьд татагдаад байна уу гэдгээ ялгаж эхэлдэг санагдсан.

Залуу гэр бүлүүд анх амьдралаа эхлэхэд орон гэр, тавилга гээд л бүх зүйлээ эхнээс нь босгож эхэлдэг шүү дээ. Энэ тал дээр та хоёрын хувьд ямар байв?
-Байрны зээл хөөцөлдөөд явж байхад байраа авчихвал л болчих юм шиг санагдаад байсан. Тэгээд түлхүүрээ аваад л орсон доо.
Боломж гараад мөнгөтэй болох юм бол бага багаар юмнуудаа хийлгээд л байсан.
Гэхдээ бид хоёр маш азтай. Жүжигчний мэргэжлээс гадна давхар сошиалаар рийл хийдэг учраас үүгээрээ их ажил орж ирдэг. Үүнээс хамтрах газрууд орж ирдэг учраас харьцангуй хурдацтай бүтэж эхэлсэн юм байна шүү.
Гэхдээ гэрт чинь маш их жижиг, сажиг зүйлс хэрэгтэй юм байна лээ. Тухайн үед бид хоёрт гал тогооны хэрэгсэл юу ч байхгүй. Байранд орсон өдөр аав ээж ирээд цай чанаж өгөөд л буцаад тогоо шанагаа аваад явчихсан. Маргааш нь бид хоёр хоол хийх гэсэн чинь сав байхгүй. Тэгээд манай Хунаагийн ээж нь хоол хийх сав суулга өгөөд, “За одоо хоол хийе” гэхэд хутгуур бас хэрэг болдог юм байна лээ шүү дээ. Ямар их зүйл хэрэгтэй юм бэ гэж бодсон.
Дараа нь жижиг бүх зүйлээ аваад л, абжур хөшиг хоёроо хийсний дараа Гангаа, Баянаа хоёрын “Өөрсдөө бүгдийг нь авсан” гэдэг дууны үг маш үнэн санагдаж байлаа. Хоёулаа орон дээрээ хэвтээд дээшээ харж байхад тэрийг ингэж авсан гэх мэт бүгдэнг нь цуглуулж авах мэдрэмж маш гоё байсан.

Та одоо ямар уран бүтээлд ажиллаж байгаа вэ? Гол дүрд хэрхэн сонгогдов?
-Крашаа эзэмд гээд уран сайхны кино байгаа. Миний ажиллах гэж байгаа дүр бол Тамираа гээд офисын ажилтан, IT чиглэлээр ажилладаг залуу байгаа. Энэ залуу бол харагдах байдлаасаа жаахан мангардуу, залхуу ч юм шиг дүр. Гэхдээ дотроо маш их зүйлийг боддог, ухаантай. Нэг хүнийг крашлаад явж байгаа мэт болов ч дараа нь яахыг киноны төгсгөлөөс үзээрэй манайхаан.

Эцэст нь одоо төгсөх, эсвэл жүжигчин болох бодолтой байгаа залуу үедээ юу гэж зөвлөх вэ?
-Жүжигчин мэргэжлээр суралцаж байгаа, суралцаад төгсөх гэж байгаа, төгссөн ч кинонд орж чадахгүй байгаа дүү нартаа бүгдээрээ тууштай байгаарай, өөрсдийгөө бага багаар хөгжүүлээрэй гэж хэлье. Бидний мэргэжил ямар ч дүр дээр ажиллах боломжтой учраас тэр дүр дээр шаардагдах зүйлсийг дадал болгож хэвшүүлээрэй. Тэгвэл маш том давуу тал болдог. Дандаа “ажилтай байна, би ийм кинонд орно” гэх мэт гоё зүйлсийг бодож, амнаасаа гаргаж яваарай. Тэгвэл гоё үгс чинь буцаа; ирдэг юм шүү. Бүгдэнд нь амжилт хүсье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна