"Оскар"-ын наадмын урьдчилсан шалгаруулалтад Монголыг төлөөлж "Тусгаар тогтнол: Бошиг сахигч" кино сонгогджээ

С.Гандэлгэр
1 цаг 8 минутын өмнө

Үндэсний түүх, тусгаар тогтнолын үнэ цэнийг орчин үеийн кино хэлээр гайхалтайгаар хүүрнэсэн, түүхийг сэргээн сануулсан, сургамжит бүтээл "Тусгаар тогтнол: Бошиг Сахигч" уран сайхны кино юм. Уг бүтээл нь Монголын кино урлагийн зөвлөлөөс 99 дэх удаагийн "OSCAR"-ын наадмын (Академийн шагнал гардуулах ёслол буюу Academy Awards) "Best International Feature Film" төрөлд Монгол улсаа төлөөлөн өрсөлдөхөөр боллоо.

Энэхүү уран бүтээл нь 2026 оны кино театрын хамгийн өндөр үзэлт авсан бүтээл бөгөөд Скаймедиа корпорацын хамтран бүтээсэн 48 дэх кино төсөл контент нь дэлхийн хамгийн нэр хүндтэй, дээд зэрэглэлийн кино наадамд эх орноо төлөөлөх эрхийг авсан анхны тохиолдол болж байна.

Дэлхийн тайзнаа цуурайтах Монгол өв, Монгол бахархал

"Тусгаар тогтнол: Бошиг Сахигч" кино нь сэдэв цар хүрээ, зураглал, найруулга болон жүжигчдийн ур чадвараараа дотоодын үзэгчдээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй, олон улсын кино шүүмжлэгчид, судлаачдын шалгуурт нийцэхүйц "Дэлхийн хэмжээний бүтээл" болсныг энэхүү шалгаруулалт батлан харууллаа.

Үндэсний контентоос дэлхийн дэлгэц рүү

Скайтел группын гүйцэтгэх захирал Г.Амарчингүн: Скаймедиа кино урлагын салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн. Үүний нэг жишээ нь тус кино тухайн жилийн хамгийн шилдэг киногоор нэрлэгдсэнд баяртай байна.

Зохиолч Тодко Самсон: Монголын түүхэнд эрэлхэг болон эмгэнэлт цаг үе олон бий. Үүний дотроос хамгийн эмгэнэлтэй бөгөөд эрэлхэг түүх бол 1911 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх тэмцэл гэж би боддог. Бөмөрцгийн шинэ зууны түүхэнд Монгол гэж нэр байх байхгүйн тухай хөндөгдөж байсан эмзэг үе. Энэ тухай зохиол бичих, кино бүтээх бол миний хувьд нэг насны үүрэг бас бахархал. Тусгаар тогтнолын түүхэн үйл явцаар хийх бүтээлүүд цаашдаа ч үргэлжлэх болно. Ашиг орлого, алдар гавьяа, шагнал цол гэхээсээ илүү өнгөрсөн тэр түүх өнөөдрийг буй болгосон гэдгийг юун түрүүнд монголчууддаа дэлгэн таниулах, дараа нь дэлхийд мэдүүлэх юмсан гэсэн хүсэл мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг биелж байгаад баяртай байна. Цагаан дээр хараар бичигдсэн зохиолыг дэлгэц дээр өнгөтөөр үзүүлэх үйлд хамтран ажилласан найруулагч, продюсерын баг, нийт уран бүтээлчдэдээ гүнээ талархаж байна.

Үндэсний хөрөнгө оруулалттай Скаймедиа корпорацын "Тусгаар тогтнол: Бошиг Сахигч" УСК-г 10 сарын 2 өдрөөс Скаймедиа болон GO+ -c хүлээн авч үзнэ үү.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна