Ард түмэндээ хүндлэгдсэн жүжигчин, шавь нартаа үлгэр дуурайлал болсон багш Соёлын тэргүүний ажилтан П.Мөнх-Одтой ярилцлаа.
-Таныг урлагийн салбарт багаасаа хөл тавьж, өдийг хүртэл салбартаа амжилттай яваа уран бүтээлч гэдгээр тань олон нийт мэднэ. Жүжигчин, багш П.Мөнх-Одын түүх хэрхэн эхэлж байсан бэ?
-Би Дархан хотод төрсөн. Бага нас минь энэ хотын "Залуучууд" театрт өнгөрч, урлагт хайртай, сонирхдог хүүхэд болж байлаа. Тэр үед "Залуучууд" театрт дандаа сор болсон жүжигчид байсан юм.
Тухайн үед С.Сугар, Л.Лхасүрэн нарын багш нар маань орон нутгуудаар их явж, шалгалт авдаг байв. Харин миний төгсөх жил тэд Дарханд ирэхгүй байж таарсан тул хотод очиж шалгалтаа өгч байлаа.
Тэгсэн намайг дэндүү жижигхэн байна, багш нь өндөр хүүхдүүд авч байгаа. Гэхдээ чи намар хүрээд ирээрэй гэж байна. Тэнд байсан үеийнхнээ хараад "Би ерөөсөө энэ сургуульд ороод хэрэггүй, намар ирээд ч хэрэггүй юм байна" гэж бодоод намар нь очоогүй. Харин дараа хавар нь дахин шалгалт өгтөл "Гарын таван хуруу" киноны Шагдарын дүрд тоглодог МУГЖ Л.Лхасүрэн багш маань байж таарсан.
Шалгалтын үеэр "Чи өнгөрсөн жил шалгалт өгч байсан бил үү. Хойд эх теле жүжигт тоглож байсан охин мөн үү" гэхээр нь дуун дээр нь "Тийм ээ, мөн" гээд хэлчихсэн.

Гараад яана аа, кинонд тоглосон хүүхдийг хасчихдаг юм гэсэн. Би яг хасагдсан байх аа, яах гэж мөн гэж хэлэв ээ гэж их айж байсан юм. Шалгалт өгсөн орой нэг их бороотой үдэш байв. Шалгалтын дүн ч нилээн орой гарлаа. Очоод өөрийгөө хайгаад олдоггүй ээ. Тэр үед нууц кодтой, түүгээрээ өөрсдийгөө тэнцсэн эсэхээ мэддэг байв. Доороос нь эхлээд хайтал байдаггүй. Гэтэл их дээгүүр жагсаж, тэнцсэн байсан. Сайхан дурсамж юм даа.
-Тухайн үед та болон гэрийнхэн чинь их баярласан байх. Жилийн дараа сайхан мэдээ сонссон байна шүү дээ?
-Аав СУИС-ийн гадна намайг хүлээж байсан юм. Тэр үед конкурс гэж сүртэй юм болдог байлаа. Хөдөө, орон нутгийнхан их ирнэ. Наадам шиг л майхнаа бариад, халуун хоол цайгаа бэлдээд хонодог байв. Аав минь хромон гутал, костюмтай, хамрын тамхиа татаад л өдөржин сууж байсан нь одоо ч тод санагдаж байна.

Шалгалтынхаа хариуг харчихаад аавдаа тэнцсэн гэдгээ хэлэхэд нүдээр нь нэг их нулимс бүрхэж ирээд л “За хоёулаа явж нөгөө хэддээ хэлье” гэж байж билээ. Нөгөө хэд гэдэг нь манай ах, эгч дүү нар. Тэгээд л холын дуудлагаар ярих гээд аавтайгаа хамтдаа төв шуудан руу алхаж байлаа. Нас ахих тусам тэр үеийн дурсамж илүү гүнзгий мэдрэгддэг болсон. Өдгөө би СУИС-даа багшилдаг. Аавтайгаа явж байсан тэр замаар явах бүрт бодогддог шүү.
Бид эхээс зургуулаа, багадаа өнчирч үлдсэн. Тэр үед би дөнгөж хоёрдугаар ангийн сурагч байсан. Аав минь бид нарыг ганцаараа өсгөөд л бурхан болсон доо. Миний аав урлагийн өндөр мэдрэмжтэй, үргэлж театр очиж жүжиг үздэг байлаа. Орос ч бай Монгол ч бай маш олон кино үздэг. Аав минь л намайг урлаг руу чиглүүлж өгсөн дөө.

Тухайн үед жүжигчний дугуйланд есөн бусын юм шаардана аа. Туулайн хувцас, таван хошуутай малгай, улаан бүч, дээл гээд л оёдолчин гуйгаад л хийлгээд ирдэг байлаа. Аав минь байгаагүй бол би хэцүүхэн л байх байсан гэж боддог юм.
-Таныг хүмүүс найруулагч нөхөртэй, их амар байх гэж хардаг л даа. Ханьтайгаа танилцсан түүх, амьдралын замд нэгнээ хэрхэн түшиж ирсэн талаараа хуваалцана уу?
-Нэгдүгээр курсээ төгсөх үедээ нөхөртэйгөө танилцаж байлаа. Намайг хоёрдугаар курсэд байхад манай хүн төгсөөд, дараа жил нь би жирэмсэн болсон. Өөрийн нутаг Дархандаа очиж төрж байлаа.
Тухайн үед Ардчилал гараад нийгэм ч их ундуй сундуй байсан. Чөлөөт зах зээл эхэлж, наймаа их ашигтай байсан үе. Манай хүн Орос, Хятадаас бараа оруулж ирээд зардаг байсан. Эхлээд зах дээр зогсдог байсснаа лангуутай болж, лангуу нь дэлгүүр болж өргөжиж байлаа.

Хүн чинь мөнгө олоод ирэхээрээ хоёр өрөө байраа гурав болгочих гээд л зүтгэдэг юм байна лээ. Нэг мэдсэн би чинь хэн билээ, ямар мэргэжилтэй билээ, цаашид ийм баймааргүй байна аа гэж нөхөртөө хэллээ шүү. Хоёулаа хэдэн төгрөгтэй болчихсон юм чинь хот орж байр аваад амьдаръя гээд л. Хөөрхий тэр мөнгө нь байрны хаана нь ч хүрэхгүй шүү дээ. Хүүхдээ хөхүүлээд тэврээд зогсож байхдаа, миний жүжигчин болох өнгөрлөө дөө, сайн жүжигчин болж чадахгүй бол сайн ээж бол гэж багш хэлж байсан, тэр л боллоо гээд бодож байв.
Анх найруулагч нөхөртэй болж байгаа юм чинь маш олон кино, жүжигт тоглох нь гээд 20 нас ч хүрээгүй охин их л дэврүүн хүсэл мөрөөдөлтэй байсан. Зарим хүн жүжигчдийг хэр баргийн хүн ойлгодоггүй, та хоёр нэг мэргэжилтэй юм чинь их сайн ойлголцдог байх даа гэдэг л дээ. Тийм зүйл байдаг, хүний л амьдрал юм чинь өрөөсгөл зүйл ч гэсэн байдаг.

Хэдий найруулагч, мэргэжил нэгтэй ч гэсэн баяр ёслолын үеэр уран бүтээлтэй байж таарвал их хэцүү. Чи ирэхгүй юм уу, яасан уддаг юм гээд л хэдий олгодог ч гэсэн бага хэмжээний асуудал гарна аа. Шинэ жил, наадам гээд баяр ёслолын үеэр бид чинь дандаа завгүй. Ээж нь завгүй байгаа тул хэдүүлээ л баяраа тэмдэглэнэ дээ гэх үе ч байсан шүү.
Би ерөөсөө нөхрийгөө магтаж байгаагүй юм байна. Миний хань чинь маш сайхан хүн. Хажууд нь байхад их нөмөртэй, түшигтэй, дайчин, маш шаргуу. Аливаа зүйлийг хийсэн бол хийсэн шиг хийж ард нь гардаг. Жижиг зүйл байсан ч халтардуулж орхидоггүй. Үнэхээр зоригтой илүү дутуу зангүй хүн байдаг. Ханьдаа 30 гаруй жил эрхэлж амьдарч байна даа.

-Таныг сайн жүжигчнээс гадна маш сайн багш гэдгээр тань мэднэ. Шавь нартаа нэн тэргүүнд захидаг зүйл тань юу вэ?
-Хүний шавь гэдэг төрсөн үр хүүхдээс ялгаагүй болчихдог. Олон сайхан жүжигчнийг "төрүүлсэн" байна. Хүүхдүүддээ жүжиглэх урлагаас гадна "Сайн хүн бай" гэж заадаг. Яагаад гэвэл чи өөрөө сайн хүн байж л чамаас сайн дүр гарна гэж хэлдэг. Шавь нар минь ч үүнийг их бодож явдаг байх.

Багш хүн хамгийн гол нь шавь нарынхаа зүрхэнд нь гал асаах ёстой гэж би боддог. Зовлон жаргалыг нь ойлгож, дотно ярилцаж, тэр хүүхдийн дотоод сэтгэлийн түлхүүрийг олоход асар их өндөр мэдрэмж шаарддаг.
Манай жүжигчний мэргэжил тэтгэвэрт гардаггүй, дэлгэц тайзнаасаа буудаггүй мэргэжил. Жаахан охинд тоглоод, бэр охины дүр бүтээгээд явж байсан бол одоо ээжид тоглоод эхэлж байна. Миний шавь Н.Мөнхсоёл "Багшаа намайг ээжийн дүрд тоглуулна гэнэ, яана аа" гэж хэлж билээ. Энэ чинь амьдралын хууль шүү дээ.

Хэдэн жилийн өмнө ахмад жүжигчин надад “За нас яваад эхлэхээр чи олон сайхан кинонд тоглоно. Гэхдээ амьсгал хурааж байгаа дүрд тоглох нэг их сайн байдаггүй юм шүү. Бодож л яваарай" гэж захиж байсан. Энэ мэргэжлийг эзэмшсэн юм чинь хэн энэ дүрийг бүтээх юм бэ гэж бодоод хэсэг тоглоод л явлаа. Жүжигчин хүн хүнд хэсэгт тоглохдоо сүсэглээд л ордог, кинондоо үнэн сэтгэлээсээ амьдраад л явдаг шүү дээ. Харин одоо бол тийм дүрээс эмээдэг болсон.
-Таны тууштай баримталж, өдийг хүртэл өөрчлөөгүй авч ирсэн зан чанар тань юу вэ?
-Хүн ер нь нас насандаа амьдралыг өөрөөр харж, мэдэрдэг шүү дээ. Орчин нөхцөл солигдож, их олон хүмүүстэй ч танилцдаг. Алдаж оноод, асгаж цутгаад л гэдэг шиг хүний амьдрал их баялаг.
Баримталж явдаг зарчим гэвэл хүнд тустай явчих юмсан л гэж боддог доо. Чаддаг мэддэг зүйлээрээ бага ч гэсэн тус хүргэчих юмсан гэж боддог. Тэр хүн надад итгээд л тусламж хүсэж байгаа шүү дээ.

Тэр хүнд тус болчих юмсан гээд л зүтгэчихдэг. Заавал ард нь гарч, тусалж байж санаа минь амардаг. Тэгэхээр нэг их гоё бие хөнгөрөөд л, ажил бүтэж байгаа юм шиг тайван болчихдог. Хүнд гавьяа хийхгүй ч гэсэн гай болохгүй юмсан гэж л маш их бодож явдаг.
Эцэст нь үзэгчид, ард түмэн минь байхгүй бол жүжигчин бид нар чинь хэн билээ. Ард түмэн л биднийг үзэж эцсийн дүнг тавьж өгдөг. Дэмжиж тусалдаг бүх хүмүүстээ баярлаж, хайртай шүү гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна