Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаныаас мэдээлснээр энэ жилийн цагаан сар буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27-нд тохионо. Хоёрдугаар сарын 26-нд бичин жилийн өвлийн адаг сарын битүүн тохиох юм байна.
Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр билээ.
1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг.
Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай.
Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа зооглон, тоглож нааддаг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй. Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл ажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна