Ханиад эмчлэх эмгүй жорууд

2017/01/03
Давсны уусмал хамрын дусаалганы оронд: Хамрын дусаалгыг гэрийн аргаар хийх маш амархан бөгөөд нэн ялангуяа нярай хүүхдэд тохиромжтой. Үүнд нэг цайны халбага давсыг нэг литр буцалсан бүлээн усанд хийж сайтар хутгана. Уусмалыг пипетткээр хамранд дусаана. Давсны уусмал нь өвчин үүсгэгчийг биеэс зайлан гаргаж, хамрыг чөлөөлдөг.  
Төмсөн жин: 2-3 төмсийг хальстай нь чанаад эхлээд гал тогооны цаасан сальфетка, дараа нь даавуун алчууранд ороогоод хавтгайлж дарна. Ингээд ойролцоогоор 10 минут хөргөөд, гар дээрээ тавьж халууныг нь шалгасны дараа хэт халуун биш бол ханиадтай хүний цээжин дээр халуун бүлээн жин болгож тавьна. Жинг хөрөхөөс өмнө аваарай.   
 
Сонгинын өтгөрүүлсэн шүүс ханиадны сиропын оронд: Энэхүү сонгины өтгөрүүлсэн шүүс нь бактерийн эсрэг болон цэр ховхлох үйлчилгээтэй. Нэг том сонгиныг жижиглэж хэрчээд, 50 гр бор элсэн чихэр эсвэл мөсөн чихэртэй хольж хэдэн цаг амраана. Ингээд тунасан шүүснээс нь өдөрт 4-6 цайны халбага ууна.  
 
Нимбэгийн шүүс: Амттай, бас эрүүл мэндэд сайн. Нэг нимбэг буюу лимоныг шүүсийг буцалсан халуун усанд шахаж түүнийгээ бага зэрэг зөгийн балаар амтлан уувал гайхалтай сайн эм болно. Үүнийгээ өдөрт хэд хэдэн удаа уухад хоолойны өвчин, ханиадны эсрэг эмээс гурав дахин илүү үйлчлэл үзүүлдэг. Учир нь витамин C биеийн дархлааг сайжруулж, шингэн нь ханиалга дарж, халуун нь хоолойг зөөллөн ханиалга намжаадаг.   
 
Халуурвал цагаан цууны уусмал: Нярай болон бага насны хүүхэд 39,5 хэмээс дээш халуурвал халууныг нь цагаан цууны буюу уксусны жингээр дарах гээд үзээрэй. Үүнд нэг литр хүйтэн усанд нэг халбага цуу хийгээд хэдэн оймс эсвэл алчуур цуутай усандаа дүрж шингээгээд хөлийг нь орооно.
 
Балжингарав цэцэг, гааны тосоор хамар, хоолойгоо утах: Гааны тос, ганга цэцгийн ногоон навчны тос (монголын тал, ууланд хаа сайгүй байдаг, цэцгийг нь хандалж үсээ угаахад тэжээл өгч гялалзуулдаг энэ бөөнөөрөө ургадаг жижиг ягаан цэцгийн навчаар мах амтлах, ханиадны эсрэг хэрэглэхэд онцгой сайн) болон балжингарав цэцгийн цайгаар (Kamillentee) хоолой, хамраа утахад хамрыг амархан чөлөөлдөг. Үүнд 2 литр ус буцалгаад хэдэн дусал тосоо дээр нь хийнэ. Ингээд толгойгоо нүүр гарын алчуураар бүтээгээд савтай усныхаа дээр хамар, амаараа гүн амьсгалж утаарай. 10 минут хангалттай. Харин анхаарах зүйл нь хүүхдийг этерийн тостой усаар утаж болохгүй. 
 
Чих өвдвөл төмс, сонгино: Үүнд 2 жижиг төмсийг сайн чанаад, нухаж, алчууранд түрхэнэ. Энэ жингээ өвдөж буй чихэн дээрээ тавина. Эсвэл духны дунд, хамрын нуруун дээр тавьж болно. Татсан сонгиноор бас чихэн дээр жин тавихад сайн үйлчилдэг. 
 
Аарцан жин: Хоолой өвдөхөд марло, бинт дээр тасалгааны температур дахь аарцыг хуруу зузаан түрхээд, тус жингээ хоолойн дээрээ тавьж ороолт, алчуураар бэхэлж бооно. Ингээд аарцаа хатахад тайлж авна. Түүнчлэн уламжлалт аргаар халуун аарц буцалгаж уух нь ханиадны эсрэг сайн гэдгийг хэн бүхэн мэднэ биз ээ.
 
Улаан гэрэл: Ханиад хүндрэхэд улаан гэрлээр 10-15 минут шарахад сайн. Хүүхдээ өвөр дээрээ тавтайхан суулгаж, нүдийг нь аниулж байгаад дулааныг нь мэдрүүлээрэй. Ингэж суухдаа хамтдаа дуулж, ярилцаж, хөгжим сонсож болно шүү.
 
Халуун усанд суух: Орой унтахын өмнө ваннтай халуун усанд суугаарай. 38 хэмийн халуун усанд 10 минут суухад үе мөчний өвчинг намдааж, хамрын нус гоожихыг намжаадаг. Гэхдээ халуурч байвал халуун усанд сууж болохгүй шүү. 
 
Шар дэр цэцгийн навчин цай хоолойны эмний оронд: Хоолой сөөсөн үед шар дэр цэцгийн навчийг 200 мл буцалсан усанд хийж 15 минут хандлаад 2 цаг тутамд хоолойгоо зайлаарай.
 
Балжингарав, шар дэр цэцгийн цай хоолой үрэвсэж өвдсөн үед: нэг хоолны халбага навчийг 0,5 литр усанд хийж буцалгаад, 10 минут битүү саванд дарна. Үүгээр 3-4 цаг тутамд 5 минут хоолойгоо зайлаарай.  
 
Цагаан гааны ханд: 2 см орчим цагаан гааг хэрчиж 0,5 литр буцалсан ус дээрээс нь хийж хандална. Амттай болгоё гэвэл зөгийн бал, жүржийн шүүс нэмж болно. 
 
Тахианы шөл: Ханиад хүрсэн үед тахианы шөл бактерийн эсрэг үйлчилж, халдварыг намжаадаг нь батлагдсан. Та тахианы шөлөө лууван, ногоон сонгино, сармис, яншуй, жууцай зэрэг арвин ногоотой хийгээрэй.  
 
Анхаар: Та болон таны хүүхэд 7 хоногоос илүү ханиад эсвэл халуунтай байвал зайлшгүй эмчид үзүүлэх шаардлагатай. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна