Хувь хүний хөгжлийн институтийн дэргэдэх “Эрүүл үзэсгэлэнтэй амьдрал клуб” энэ оны анхны лекцээ “Амжилттай эмэгтэйн төлөвлөлт” сэдвээр зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл уригдаж, амжилттай эмэгтэй байх жорноосоо хуваалцсан юм. Энэхүү үйл ажиллагаанд Хувь хүний хөгжлийн институтын үүсгэн байгуулагч, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, тус клубын захирал сэтгэл судлаач М.Алтанцэцэг нар оролцож, лекцийг зорин ирсэн бүсгүйчүүдтэй дотно яриа өрнүүлсэн юм.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийнхөө хувьд хамгийн амжилттай болсон гэж үздэг, олон нийтэд өндрөөр үнэлэгдсэн, бестселлер номын жагсаалтыг тэргүүлэгч Ногоон нүдэн лам номын I, II дэвтэр хэрхэн бүтсэн, саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан, цаг хугацааг хэрхэн төлөвлөсөн зэрэг амжилтынхаа нууцаас дэлгэрэнгүй хуваалцсан юм.
“Ямар нэг зүйлийг амжилттай болгох үндэс нь жижиг зорилго байдаг”
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Ногоон нүдэн лам” зохиолыг богино хугацаанд бичээгүй, бичиж эхлэхдээ бестселлер болно гэж төсөөлөө ч үгүй гэнэ. Харин Монголд хийх ажилгүй нөхрөө ажилтай байлгах эхний зорилго нь зохиол бичигдэх үндэс болжээ. Тэрбээр энэ талаараа “Ногоон нүдэн лам” зохиолыг бичихэд надад хэдэн жижиг зорилго байсан. Эхнийх нь нөхрөө гэрийн сахиур болгохгүй, хийх ажилтай болгож, гэр бүлээ бэхжүүлэх зорилго. Дараагийнх нь мөнгө мөнгө олох. Тухайн үед /1998 онд/ миний цалин 19.800 төгрөг байлаа. Тухайн үеийн ханшаар бол 40 долларын цалинтай гэсэн үг. Энэ орлогоо ядаж 100 доллар болгох юмсан гэх зорилго. Гуравдугаар зорилго нь энэ номонд манай эмээ, өвөөгийн тухай гардаг. Тиймээс өнгөрсөн түүхээ дараагийнхаа үед үлдээх юмсан гэдэг жижиг зорилго байсан. Эдгээр зорилгын үүднээс миний ном бичих мөрөөдөл эхэлсэн” хэмээн онцолсон юм.
“Ногоон нүдэн лам” зохиолын анхны нооргыг 1998 онд бичжээ
1996 оны есдүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэгсдийн хөшөөг нээж, Монголын төр ард түмнээсээ уучлал гуйв. УИХ-ын дарга Ц.Элбэгдоржийн туслахаар ажиллаж байсан Ц.Оюунгэрэл тэрхүү түүхэн үйл явдалд өөрийнх нь гэр бүлийнхэн, эмээ өвөө, элэнц хуланц хэрхэн оролцсон талаар судлахаар шийдэж. Мөрөөдлөө тээсээр 1997 оны зун ээлжийнхээ амралтаар нутагтаа очихдоо хөгшин ээжтэйгээ ярилцлага хийснээр Ногоон нүдэн лам зохиолын үндэс суурь тавигджээ. Ингэж цаасан дээр бодит хүний түүхийг тэмдэглээгүй байсан бол энэхүү зохиол бичигдэхгүй байж болох байж.
Зохиолд гардаг Сэндмаа гэх эмэгтэй бол түүний хөгшин ээж Дэнсмаа. Ажил ингэж эхэлсэн бөгөөд 1998 оны наймдугаар сард 33 хуудас бичээд таг зогссон гэдэг. Үүнээс хойш 6 жилийн дараа буюу 2004 онд үргэлжлүүлэн бичиж, 2006 оноос англи хэлнээ хөрвүүлэн, 2008 оны гуравдугаар сард монгол эхийг зах зээлд гаргаж байжээ.
“Ногоон нүдэн лам”-ын II дэвтэр 10-р сард мэндэлнэ
Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн нь “Ногоон нүдэн лам”-ын II дэвтрийг бичих таатай боломж олгосон гэнэ. Тэрбээр сонгуулийн дараа, наадмын өмнөх өдрөөс эхлэн зохиолынхоо II дэвтрийг англи хэлнээ бичиж эхэлжээ. Түүний төлөвлөгөөгөөр бол ирэх гуравдугаар сар гэхэд Монгол хэлнээ орчуулан дуусгаж, аравдугаар сар гэхэд эцсийн байдлаар дуусган номын нээлтээ хийнэ. Хэрэв II дэвтэр амжилттай болвол дараагийн 20 жилд 3, 4, 5-р дэвтрийг бичихэд бүхий л цаг хугацаагаа зориулах гэнэ.
Тэрбээр өдөрт ердөө 2 цагийг зохиол бичихдээ зарцуулсан гэнэ. Хэрэв түүнээс илүү их цаг төлөвлөвөл хэрэгжихгүй байх магадлал өндөр учир 2 цагтаа үнэнч, үр бүтээлтэй ажиллахыг чухалчилдаг байж. Тэрбээр мөрөөдлөө амжилт болгоход хэрэг болох өөрийн туршлагаасаа бүсгүйчүүдтэй хуваалцаж, тэдний сонирхсон асуултад хариулан, халуун дотно ярилцлага өрнүүлсэн юм. Хувь хүний хөгжлийн институт, Эрүүл үзэсгэлэнтэй амьдрал клубынхэн салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүдийн амжилтанд хүрсэн түүх, туршлагаас бүсгүйчүүддээ хүргэх юм байна. Жишиг болон тогтсон уулзалт, ярилцлага хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй.
С.Отгон
Сэтгэгдэл бичигдээгүй байна