“Нэгэн бүлийн дөрвөн хүн шатаж амь насаа алдах аюулыг цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр зайлуулжээ” гэсэн мэдээ өнөөдөр олны анхаарлыг татаж, сонор сэрэмж, авхаалж самбаа, эр зоригтой цагдаагийн алба хаагч хүмүүсийн хүндлэл, хайрыг хүлээж байна. Тэгвэл баатарлаг үйлсийн эзэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр, галын аюулаас аврагдсан иргэн Ц.Найманжин нартай уулзаж, болсон үйл явдлын талаар ярилцсанаа хүргэж байна.
-Дөрвөн хүний амь насыг хамгаалж, баатарлаг үйлс бүтээсэнд нь баяр хүргэе. Тухайн үед болсон үйл явдлыг ярьж өгнө үү?
-Баярлалаа. Манай гэр галд өртсөн айлынхтай ойролцоо байдаг юм. Би өглөө бүр тэр замаар алхаж ажилдаа очдог. Өчигдөр /2017.01.24/ 08:00 цагийн үед ажилдаа явж байтал автобусны буудлын зам дагуу байдаг айлын хашаанаас утаа гарч байгаа харагдсан. Мэргэжлийн онцлог ч юм уу ер нь орчин тойрныг нэлээн ажиглаж явдаг л даа. Очоод хашааных нь завсраар харахад гал гарч байсан. Хаалгыг нь нүдээд нээгээгүй, унтаж байсан байх. Үүдний амбаар нь шатаж эхлээд, моднууд нь унаж, хүн орох ямар ч боломж байгаагүй учраас тойрч цонхон дээр нь очоод хүн байгаа эсэхийг шалгангаа, “Гал гарч байна” гээд орилсон. Тэгэхэд нэг эмэгтэй байсан, нэг залуу нь сандрахдаа хаалгаа нээхэд бүх өрөөгөөр гал тархчихсан. Яарч сандарч байсан ч хүмүүс гарахдаа толгой, хүзүүгээ зүсчих вий гээд цонхны модон хүрээг аваад бүх шилийг цохин хагалж, хүн гарах бас өөрөө орохоор болгосон. Нэг эмэгтэй, нэг залуу хоёр цонхоор гарч ирэхэд зөрөөд малгайгаа өмсөж, ороолтоо битүү ороогоод байшин руу ороход “Хөл муутай, босож чаддаггүй” гээд нэг залуу байсныг гаргасан. Цаана нөгөө хаалга нээж, галд цоргиулсан залуу шоконд орчихсон угаартах гэж байхад нь амжиж, хамтдаа гарсан. Тэр залуугийн гар нь түлэгдчихсэн байсан. Ер нь бүх зүйл л секундээр л хэмжигддэг юм билээ. Хүмүүсээ аюулгүй болгоод, байшингийн урд байсан автомашиныг дэлбэрч магадгүй гэж болгоомжлон нөгөө гар нь түлэгдсэн залуутайгаа хамжин, түрж холдуулсан. Гэрээсээ гарч хүмүүс маань маш нимгэн хувцастай байсан учир машинд нь оруулж суулгаад хамгийн түрүүнд онцгой байдлын 101, түргэн тусламжийн 103 тэгээд цагдаагийнхаа 102 дугаарын утсанд дуудлага өгөхөд бүгд удалгүй ирсэн.
-Автобусны буудалтай ойролцоо хашаа гэсэн. Тийм амь тэмцсэн явдал болж байхад хэн нэгэн гүйж ирээд туслаагүй юу?
-Тэр үед зам дагуу хоёр, гурван автобус зогсчихсон, хүмүүс кино үзэж байгаа юм шиг хараад зогсож байсан. Автобусны жолооч, тэнд байсан хүмүүс гээд зөндөө л эрэгтэй хүн байсан. Би маш чангаар “Туслаарай” гэж орилсон боловч хэн нэгэн ирээгүй.
-Дүрэлзэн асаж байгаа гал руу ямар нэгэн хамгаалалтгүйгээр шууд орно гэдэг их эр зориг, тусч сэтгэл юм даа. Цагдаа биш хэн нэгэн байсан бол хэрхсэн бол гэж бас бодож байна.
-Нэг ч хүнийг үлдээхгүй бүгдийг галаас гаргая л гэж бодсон. Гал дүрэлзэн асаад, байшингийн дээвэр нурж байсан. Цагдаа эсвэл энгийн нэгэн байсан ч туслах л байсан гэж бодож байна. Согтоод гудамжинд унтаж байгаа болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалж, гэрт нь хүргэж өгч байсан тохиолдлууд надад бий. Тэр хүн гудамжинд унтаж байгаад осгоод амь насаа алдчихаад нэг айлын аав, ах, эгч, дүү, хамаатан, садан хэн нэгнээрээ дутвал хэцүү шүү дээ. Харин албан үүргээ гүйцэтгэхдээ бид байнга л хүний төлөө гэж явдаг. Цагдаа хэрэг болсон газарт хамгийн түрүүнд хүрч очоод хүмүүст туслах бодолтой явдаг даа.
СХД-ийн 25 дугаар хорооны иргэн Ц.Найманжин: Бидний алтан амийг аварсан Г.Ганбаяртаа маш их баярлаж байна
Өчигдөр /2017.01.14/ өглөө биднийг унтаж байсан чинь нэг хүн “Гал гарч байна” гээд цонх нүдсэн. Багахан гал юм болов уу гээд түмпэнтэй ус бариад ухасхийгээд хаалгаа нээтэл бөөн гал өөдөөс орж ирээд хүн байхын аргагүй болсон. Тэр залуу цонх хагалаад гарцгаах хэрэгтэй гээд биднийг гаргасан. Хэрэв Г.Ганбаяр гээд энэ алба хаагч тааралдаагүй бол дөрвүүлээ тэндээ өнгөрөх байсан байх. Таван минут л хоцорсон бол бүгд амь насаа алдах байсан. Цонх хагалаад биднийг гаргах хооронд л амьсгаадаж унаад, мөлхөж гарч ирсэн. Бидний алтан амийг аварсан цагдаагийн дэслэгч Г.Ганбаяртаа маш их баярлаж байна.
Б.Буд
Сэтгэгдэл бичигдээгүй байна