Токитэнкү А.Хүчитбаатар хурдан эдгэрээд дэвжээгээ ахиулахыг хүсч байжээ

2017/01/31
Токитэнкү А.Хүчитбаатар цусны хорт хавдар өвчнөөр 2015 онд оношлогдож, зодог тайлан эмчилгээ хийлгэж  байгаад  37 насандаа таалал төгслөө.  2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьсан Токитэнкү зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд 63 башёд барилджээ. 

Түүний дэвжээний багш  "Бид цусны хорт хавдар өвчин туссан гэдгийг эрт мэдсэн. Тиймээс тэрбээр хавдрын эсрэг эмчилгээг эрчимтэй хийлгэж байгаа. Мэдээж анх өвчнийхөө талаар сонссон түүнд их хэцүү байсан гэж бодож байна.Хавдар нь эхний үедээ явж байгаа учраас эрчимтэй эмчилгээг  2015  оны аравдугаар сарын сүүлээс эхлэн хийлгэж байгаа. Анх 141 кг жинтэй байсан ч өвчний улмаас 15-20 кг жин хассан. Мөн үс нь шингэрсэн. Гэхдээ одоогоор амь насанд нь хоргүй. Та бүхний ачаар эмчилгээ нь сайн хийгдэж байгаа" хэмээн ярьж   байв.

Харин А.Хүчитбаатар  "Эмнэлэгт олон хүн өвчинтэйгөө тэмцэж байна. Эдгээр хүмүүсийн төлөө ч гэсэн би хамаг хүчээрээ хичээж байгаад хурдан эдгэрмээр байна. Хурдан эдгэрээд дэвжээгээ ахиулмаар байна. Намайг дэмжиж байдаг хүмүүс болон нийт хэвлэл мэдээллийнхэнд цаашид ямар нэгэн байдлаар төвөг удах байх. Тиймээс тийм үеүдэд маань намайг халуун дотноор угтан авч байгаарай"  хэмээн  ярьж байжээ.

Анх  түүний баруун хавирга нь өвдөж эхлээд эмнэлэгт үзүүлэхэд хавирганд цууралт үүссэн гэх  хариу хэлсэн ч хоёр сарын дараа цусны хорт хавдартай  болох нь оношлогджээ. 
 
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ 
 
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна