"Насны хишиг" авах ахмадуудыг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

2017/02/01
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт насны тэтгэвэр тэтгэмжийг ахмад настнуудад олгоно гэж тусгасны дагуу 65 ба түүнээс дээш настай ахмад настнуудад Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор хуульд тусгаж, хэрэгжиж эхлээд байна.

Журамд зааснаар 65-аас дээш настай ахмадуудыг дээрх тэтгэмжид хамруулах ажил эхэллээ. Ингэхийн тулд ахмадууд харьяа сум, хорооныхоо нийгмийн халамжийн  ажилтанд хандаж бүртгүүлэх  ёстой. Энэхүү бүртгэл өнөөдрөөс  албан ёсоор эхэлж байна. 

Цагаан сараас өмнө Насны хишиг авах хүсэлтээ гаргасан ахмадууд хоёрдугаар сарын 15-ны дотор мөнгөө авах боломжтой юм байна. Өргөдлийг  өнөөдрөөс эхлэн  ирэх зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл авна. Үүнээс хойшхи хугацаанд өргөдлөө өгсөн бол 2018 онд насны хишигээ авах юм байна. Материалаа эрт бүрдүүлэх тусам мөнгөө эрт авах боломж үүсэх аж.
 
Ахмадууд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? 
 
Насны хишиг олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очих юм байна.

Хэрэв хэвтэрт байгаа болон бусад шалтгаанаар өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлснээр "Насны хишиг"-т хамрагдах боломжтой.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгөх ёстой юм байна. Харин хорих ангид ял эдэлж байгаа ахмадуудын хувьд мөнгө нь дансанд байршина. Хэрэв авахыг хүссэн тохиолдолд ар гэрийнхнийхээ хэн нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой.

Иргэний үнэмлэхний хуулбар, өргөдлийн маягттай хавсаргасан материалыг сум, хорооны нийгмийн ажилтан аймаг, дүүргийнхээ халамж үйлчилгээний байгууллагуудад хүргүүлснээр тухайн байгууллагын мэдээллийн санд “Насны хишиг” авах эрхтэй ахмадуудын бүртгэл бий болно. Бүртгэлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт нэгтгэнэ.
 
Насны хишгийг ямар банкуудаар дамжуулан авах вэ?

ХААН банк, Төрийн банк, Капитал банкаар дамжуулан ямар нэгэн зээлийн хүү, үлдэгдэл зэрэгт төлбөр, хураамж авахгүйгээр олгоно.

Хэрэв хүсвэл "Насны хишиг" авах тусгай данс нээлгэж болох бөгөөд банкууд насны хишиг олгох дансыг үнэ төлбөргүй нээж өгөх аж. Харин өөрийн эзэмшиж байгаа дансаар мөнгө авах бол тухайн банкинд хандан дансаа бүртгүүлж мөнгөө авах боломжтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна