Эх орондоо хандив өргөх данс бий юу?

2017/02/01
Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав Монголын ард түмэн, бүх аж ахуйн нэгж, байгууллагад хандаж эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө хандивын хөдөлгөөн өрнүүлж байгаагаа мэдэгдсэн нь өчигдрийн халуун сэдэв байлаа. Үүний дараа УИХ-ын нэр бүхий гишүүд  ирэх гуравдугаар сард төлөх бондын өрийг төлөхийн тулд  хувиасаа хандив өргөхөө илэрхийлсэн юм.  

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая, Н.Оюундарь  20 сая,   “Моннис” группийн захирал 100 сая төгрөг ,  “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 30 мянган ам.доллар  хандивлахаа ар араасаа илэрхийлсэн.

Энэхүү мэдээлэл олон нийтэд нэлээд хүчтэй хүрсэн бололтой. Зарим иргэд хэвлэл мэдээллийн байгууллагууд руу утас цохиж хандив авч байгаа данс байгаа бол цалингаасаа мөнгө хандивлая” гэж ханджээ.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэдээс хандив авах аяныг дэмжсэнгүй. Тэрээр өчигдөр гавьяат эдийн засагч Б.Осоргаравтай уулзах үеэрээ “Манай өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн. Бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай. Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна” гэсэн юм.

Тэгэхээр одоогоор ард түмнээсээ хандив цуглуулж өрөө дарах шийдвэр гараагүй  байгаа учир иргэд бусдад мэхлэгдэхээс  болгоомжлох хэрэгтэй болж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна