The Colors хамтлаг: Б.Хүслэн маань нисэн одлоо

2017/02/01
“Эмоци” продакшний жүжигчин Б.Баатархүүгийн хүү, амьд хөгжмийн “The Colors” хамтлагийн хөгжимчин Х 12 давхраас унаж нас барсан тухай мэдээлэл нийгэмд дуулиан тарьж байна.

Эх сурвалжийн зүгээс хэрэг гарсан байр нь УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүүгийнх гэдэг мэдээллийг өгч байгаа юм. Энэ хэргийн талаар зарим хэвлэлд талийгаач залууг хар тамхи хэрэглэсэн үедээ амиа хорлосон гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн.

Харин албаны эх сурвалжийн өгүүлснээр гишүүн асны хүүгийн гэрт шалгалт хийхэд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийн төрлийн бодис хэрэглэхэд ашигладаг гаанс олдсон байна.

Тэгвэл болж өнгөрсөн үйл явдалтай холбогдуулж The Colors хамтлаг албан ёсны фэйсбүүк хуудастаа дараах зүйлийг нийтэлжээ.

"Бидний гэр бүлийн нэг гишүүн Б.Хүслэн маань Дэлхий гэх өртөөгөөр дамжин өнгөрч бидний хөгжмөөр дамжуулан хүмүүсийн ухамсарт хүрэх, цаашлаад соён гэгээрүүлэх үйлд туушдаа зүтгэсээр өөдөө нисэн одлоо.

Бид нарын тоглодог тоглоомын маань хожиж чаддаггүй, яаж давахыг нь мэддэггүй байсан үеийг маань Хүслэн давчихлаа... Хүслэн угаасаа л үргэж манлайлагч, шинийг илэрхийлэгч байсаар ирсэн тиймдээ ч бидний учрыг нь олохгүй байсан үеийн учрыг хялбархан олчих шиг боллоо. Одоо бүүр ч гоё үе дээр очихсон байхдаа... 

Хүслэн Дэлхийн 2-р давхарт байгаа болохоор та нар ч бас байнга өөдөө харан алхаж цаадхан руугаа инээмсэглэж байгаарай! 

(Зарим нэг итгэмээргүй итгэмээргүй мэдээллүүдэд итгэх эсэх чинь өөрийн чинь ухааны хэмжүүр мэдэг).

Б.Хүслэн 1995-2017" гэжээ.

Хамтлагийн гишүүд:

Тогтуун – 21 настай

ШУТИС – ҮТДС –ийн дизайны лицейг төгссөн. The Colors хамтлагийн дуучин, ритм гитарчин: Ихэнх улс орнууд Монгол гэхээр л хөдөө тал, морь мал байдаг гэж боддог. Хамтлагаараа дамжуулан Монгол орноо арай өөр талаас нь бусад улсуудад таниулахыг хүсдэг. 

Төгөлдөр – 21 настай

Дүрслэх Урлагийн Дээд сургуульд сурдаг. The Colors хамтлагийн басс гитарчин: Бид нар зорилгоороо нэгдсэн болохоор бүгд л адилхан хамтлагаа дэлхийн хэмжээнд таниулах хүсэлтэй. 

Тэнгэр – 22 настай

МУИС –ийн харьяа Улаанбаатар Дээд сургуульд сурдаг. The Colors хамтлагийн бөмбөрчин: Цаашдаа хамтлагаараа маш сайн, тууштай уран бүтээл туурвиж улам сайн хамтлаг болохыг хүсдэг.

Тэргэл – 21 настай

Raffles International Institute –д сурдаг. The Colors хамтлагт гитар болон төгөлдөр хуур тоглодог: Ер нь ихэнх сайн хамтлагуудын гитарчин нь мэргэжлийн сургууль төгссөн байдаг болохоор би ч мөн адил гитарыг мэргэжлийн түвшинд, ном журмаар нь тоглодог болохыг хүсдэг. Бас жил бүр болдог Английн Glastonbury фестивальд Colors хамтлагаараа оролцож Монголынхоо нэрийг гаргахыг хүсдэг.

Хүслэн – 21 настай

Билэг-Оюун дунд сургуулийг төгссөн. The Colors хамтлагийн соль гитарчин: Хамтлагаа улам сайн хөгжүүлж дэлхийн хэмжээний хамтлаг болоод Монгол Улсаа олон оронд таниулах хүсэлтэй авьяаслаг нэгэн байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна