The Colors хамтлагийнхан хийсэн үйлдэлдээ гэмшиж, уучлалт хүсэв

2017/02/02
Амьд хөгжмийн “The Colors” хамтлагийн хөгжимчин Х 12 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл болж өнгөрсөн үйл явдалтай холбогдуулж The Colors хамтлаг өчигдөр фэйсбүүк хуудастаа "Бидний гэр бүлийн нэг гишүүн Б.Хүслэн маань Дэлхий гэх өртөөгөөр дамжин өнгөрч бидний хөгжмөөр дамжуулан хүмүүсийн ухамсарт хүрэх, цаашлаад соён гэгээрүүлэх үйлд туушдаа зүтгэсээр өөдөө нисэн одлоо. Бид нарын тоглодог тоглоомын маань хожиж чаддаггүй, яаж давахыг нь мэддэггүй байсан үеийг маань Хүслэн давчихлаа...” гэх утга, агуулгатай постыг нийтэлсэн нь цахимд томоохон шүүмжлэл дагуулсан юм.

Тиймээс тус хамтлаг уг үйлдэлдээ гэмшиж, уучлалт гуйж буйгаа илэрхийлээд дээрх постоо устган эмгэнэл илэрхийлжээ.

Уучлалт хүсэж байна.

Бидний анд нөхөр болох Хүслэндээ эмгэнэл илэрхийлж бичсэн үгс маань та бүхэнд өөр өнцөгөөс хүрсэнд тун их харамсаж байна. "Үхэл бол цэг биш таслал" гэх гарчигнаас иш татан бичсэн санаа маань бид найзыгаа харанхуй аймшигт газарлуу бус гэрэлт сайхан ирээдүй рүү очиж буй мэт дүрсэлж бичих гэж оролдсон билээ. Энэ эмгэнэлт явдал гэр бүл, найз нөхөд, хамт олон, сонсогч та бүхэнд хэн хэнгүй л нөхөж баршгүй гарз тохиосон билээ. Найз Хүслэнг маань сайн сайхан сэтгэлээр эцсийн замд нь үдэж тайван амгалан нойрсоход нь туслаарай !

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна