Дэлхий дээр өдөрт 16 мянга гаруй хүн осол гэмтлийн улмаас амиа алддаг буюу энэ нь хүн амын нийт нас баралтын 12 хувийг эзэлдэг гэсэн статистик судалгаа бий. Харин ослын улмаас амиа алдагсдын гуравны нэг нь 1-40 насныхан бөгөөд түүний 25 орчим хувь нь зам тээврийн ослын улмаас амиа алддаг байна.
Судалгаагаар зам тээврийн ослын дийлэнх хувь нь бага болон дунд орлоготой орнуудад тохиолддог болохыг тогтоожээ. Манай улсын хувьд зам тээврийн ослын талаарх сүүлийн үеийн тоон мэдээллүүдээс үзэхэд дээрх ослын тоо нэмэгдсээр байгаа нь бидэнд дорвитой арга хэмжээ авах цаг нь болсныг илтгээд байх шиг.
Тухайлбал энэ сарын 11, 12 буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газар 497 дуудлага хүлээн авсны 358 дуудлага нь зам тээврийн ослоос үүдэлтэй бөгөөд үүнээс болж найман хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Тэдгээрээс явган зорчигч мөргөсөн 11, онхолдсон 1, мөргөлдсөн 11, сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртсөн гэх мэдээллийг Замын цагдаагийн албанаас өгч байна.
Хүн ам цөөтэй манайх шиг улсад зөвхөн хоёрхон хоногт гарах зам тээврийн осол ийм хэмжээгээр гарна гэдэг бодууштай л асуудал. Өдөрт арав, хорь шахам хүн энэ байдлаар гэмтэж, бэртсээр байвал хэдхэн жилийн дараа эрүүл хүн үлдэх эсэх нь эргэлзээтэй. Зам тээврийн осол хэд, хэдэн нөхцөл байдлаас үүсдэг гэж үздэг.
Үүнд уулзвар гарцын дүрэм зөрчсөн, эгнээ буруу эзэлсэн, жолоочийн анхааралгүй байдлаас болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн гэх зэргээр ангилдаг. Жолоочийн буруугаас үүсэх осол дийлэнх нь боловч сүүлийн үед явган зорчигчдын хэнэггүй, түрэмгий байдлаас гарах ослын тохиолдол их байгаа аж.
Тодруулбал өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад автобусанд мөргүүлэн амиа алдсан харамсалтай тохиолдол гарч байсан. Мөн гарцгүй замаар машин сүлжиж байгаад хоёр машинд хавчигдаж амиа алдсан гэх хэрэг ч гарсан. Хэрвээ гарцгүй газраар зам хөндлөн гарвал 19200 төгрөгөөр торгоно, гэрлэн дохиогоор удаан явбал мөн л адил торгоно гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан байдаг. Гэвч “Монголын хууль гурав хоногтоо” гэх явган яриа байдагчлан дээрх хуулийн хэрэгжилт ч ийм л болж таарах шиг.
Гэтэл хормын төдий тэвчээр алдаж, аюулын ам руу өөрсдөө гүйгээд орох нь элбэг. Дүрэм, журмаа даган мөрдөх, хуулиа хууль шиг биелүүлэх ухамсар бидэнд үгүйлэгдсээр. Ногоон гэрэл хүлээхийн оронд тэсвэр алдаж замын голд бөглөөс болж түгжрэл дээр түгжрэл, бухимдал дургүйцлийг бий болгох жишээтэй. Түүгээр ч барахгүй зам хөндлөн гарахдаа хэд гурваараа “санжигнан” явж ядна. Замын голд бараг амьдрал хүүрнэлдэнэ гээд хэлчихвэл хилсдэхгүй. “Загварын тайзан дээр алхаж байгаа мэт” гэх жолооч нарын дургүйцэх нь ч аргагүй юм шиг. Эмх замбараагүй улсын хэнэггүй нь дэндсэн явган зорчигчид. Замын хөдөлгөөний дүрэм ганцхан жолоочид биш явган зорчигчид ч гэсэн хамааралтай гэдгийг ойлгох хэрэгтэй.
Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд нэг сая гаруй жолооч, 785 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдаг гэсэн судалгаа байдаг. Харин үүний жараас илүү хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй аж. Хэдэн зуугаараа тоологдон орж ирэх тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд өссөөр. Унаатай болох гэсэн хүн бүрийн санаархлаас үүсэх түгжрэл, ажлын цаг эхлэх, тарахтай зэрэгцэн замын хөдөлгөөний ачаалал нэмж орхидог нь үнэн. Гэтэл энэ үед явган зорчигчдийн хүлээц, тэсгэлгүй байдлаас тэд өөрсдийн амь нас, эд эрхтнээ хохироох явдал цөөнгүй.
“Замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигчдод дараах зүйлийг хориглосон байдаг. Үүнд гарц гарамгүй хэсгээр гарах.Түүнчлэн аюулгүй байдлаа хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэгт зогсох эсвэл саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглосон байдаг. Мөн ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх болон биеэ хянах чадваргүй буюу согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг тохиолдолд замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.
Гэтэл иргэд яарч сандрах эсвэл зам товчлох гэж оролдсоноос гарцгүй газраар гарах зэргээс үүдэн зам тээврийн осолд өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал нэлээд гарч байна” гэж Замын цагдаагийн албаны Олон нийттэй харилцах мэргэжилтэн, дэслэгч М.Мөнхгэрэл ярьж байлаа. Түүнчлэн ихэнхдээ дугуйтай болон согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноос мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулах зэрэг болгоомжгүй байдлуудаас үүдэн гардгийг албаныхан онцлон хэлж байна.
Он гарсаар эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд явган зорчигчийн буруугаас үүдэлтэй зам тээврийн 67 осол бүртгэгдсэн байна. Үүний 58 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Харин есөн явган зорчигч харамсалтайгаар амиа алдсаны тав нь нийслэл хотод гарсан юм. Үүнээс харахад зам тээврийн ослын дийлэнх хувь нь хүн ам болон замын хөдөлгөөний хэт нягтаршлаас хамааран нийслэлд гарах тохиолдол их байна. Өнгөрөгч амралтын өдөр л гэхэд СБД-ийн нутагт Д гэх дөчин настай явган зорчигч “Сансар-32” дэлгүүрийн баруун замын орчим явж байгаад мөргүүлж амиа алдсан хэрэг гарсан.
Энэ мэтчилэн явган зорчигчид “азанд найддаг” эсвэл хүлээцгүй зан, түрэмгий байдлаас зам тээврийн осолд өртөх явдал нэмэгдсээр байгаа нь хөгжих гэж ядаж буй манай оронд аюулт дайсан болж байгаа нь өнөөгийн эмзэглэл.
Өмнөх жилд нийт 46712 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 1166 хэрэг нь явган зорчигчийн буруугаас болсон гэсэн статистик тоо гарчээ. Иймээс жолооч болон явган зорчигч өөрсдөө түгжрэл саатлыг бий болгоод түүндээ бухимдах явдал их байдаг нь аль аль талдаа анхаарал болгоомжтой байж, дүрэм журмаа дагах шаардлагатайг Замын цагдаагийн албанаас анхааруулж байгаа юм.
Хүн амын даац хөдөлгөөн ихэдсэн Улаанбаатарыг олон асуудлаас гэтэлгэх гарц нь шинэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хотын хүн амыг тархан суурьшуулж, нүүлгэх асуудал гэж харж байгаа иргэн цөөнгүй байна. Ийн бодох нь ч зөв мэт. Асуудал бүр нь даамжирч энэ хотдоо хордоод, өвчлөөд байж байхаар эрүүл хэсэгтээ бүтээн байгуулалт, бодлогоо чиглүүлээд нүүгээд оччихвол бага ч болов ээдрээнээс ангид гарах боломжтой. Харин үүнд төрийн түшээдийн дэмжлэг, иргэдийн ухамсар болоод оролцоо дутагдаж байна.
Эх сурвалж:Өглөөний сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна