АН-ын Үндэсний бодлогын хороог хэн бүрдүүлэх вэ?

2017/03/21
Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь өчигдөр гардуулан өгсөн. Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөө 511 хүн нэр дэвшигч, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөнө. Харин Нийслэлийн Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга нар өрсөлдөнө. Тус намын Үндэсний Бодлогын хороонд УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Д.Зоригт, Х.Баттулга, Д.Ганбат, БНН-ын дарга асан Б.Жаргалсайхан, Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Их аварга Д.Дагвадорж, Д.Кекүшюзан Батбаяр нарын хүмүүс нэр дэвшихээр болжээ.

Гэхдээ бүх нэр дэвшигчдийн нэрс хараахан олон нийтэд ил болоогүй байна. Учир нь дотоод сонгуульд нэр дэвшигчдээс намын эсрэг ажилласан, бусад асуудалтай хүмүүсийг дэвшүүлсэн гэх гомдлууд ирсэн аж. Тиймээс нэр бүхий хүмүүст гаргасан гомдлын асуудлыг цэгцэлж, нэр дэвшүүлэх эсэхээ шийдэж байж дотоод сонгуульд өрсөлдөгчдийг олон нийтэд албан ёсоор зарлах бололтой.

Харин өдгөө хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын тухайд шүүхээс гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй учир нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй гэж үзсэн гэнэ. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа тохиолдолд нэр дэвшүүлэхгүй тухай заалт намын дүрэмд байхгүй тул өөрсдийнхөө хүсэл сонирхлоор Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэрээ дэвшүүлжээ.

Нэр дэвшигчид хэн байх нь С.Эрдэнэ даргад төдийл ач холбогдолтой биш. Харин шүдний өвчин болоод байгаа асуудал нь Улсын дээд шүүх Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэж аваагүйтэй холбогдуулж Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулах шаардлагатай хэмээн үзэж, удирдлагадаа шаардлага хүргүүлсэн явдал. Тодруулбал Дээд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын бүтцийн байгууллагуудыг шинээр бүрдүүлэн зохион байгуулахаар явуулсан Дотоод сонгуулийн хорооны үйл ажиллагаа дүрмийн бус бөгөөд цаашлаад Ардчилсан намын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох үйл явц эрх зүйн болон улс төрийн эрсдэлд орохоор байна. Иймд Дээд шүүхэд бүртгэлтэй, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрмийн дагуу байгуулагдсан Гүйцэтгэх зөвлөл болон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг үндсэн дүрмийн 6.1.1.1-д заасны дагуу нэн даруй зарлан хуралдуулах. Дотоод сонгуулийн хороо дүрмийн бус байгууллага болсон тул түүний гаргасан шийдвэрүүд болон цаашдын үйл ажиллагааг нэн даруй түдгэлзүүлэн зогсоо” гэх утга бүхий шаардлага.

Үүний хариуд С.Эрдэнэ “Ардчилсан нам гэдэг ганцхан нам бий. Хуучин Үндэсний зөвлөлдөх хороо тарсан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах боломжгүй” гэх тайлбар хэлчихээд хуульчдынхаа багийг өдөр шөнөгүй ажиллуулан тас гүрийж суугаа. Гүрийхээс ч аргагүй. Улсын Дээд шүүх шийдвэрээ 10 хоногт багтаан гардуулах ёстой гэхээр энэ сарын 29-ний өдөр гэхэд АН-ынханд өгнө. Цаг хугацааны хувьд шахуу, улстөрийн нөхцөл байдлын хувьд эмзэг учир Улсын Дээд шүүхийн үндэслэлийг тоолгүйгээр дотоод сонгуулиа товлосон хугацаандаа явуулах ганцхан зорилготой дайрч буй.

Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг харж л сууя.
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна