Гэмт этгээдүүд С.Зориг агсныг хөнөөсөн тухайгаа дүрслэн ярьжээ

23 цаг 4 минутын өмнө
 
Анхан болон давж заалдах шатны шүүхээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэж уг хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутган 23-24 жилийн хорих ял оногдуулаад байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан материалууд нь төрийн нууцын зэрэглэлд хамаарах учир шүүх хуралдааныг хаалттай явуулсан. Харин олон нийтийн зүгээс уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлж, яллагдагч нарын ар гэрийнхэн ч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Тэгвэл МҮОНТВ-ийн Цагийн хүрд хөтөлбөрийн өчигдрийн /2017.03.21/ дугаарт Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн ярилцлага өгчээ. Тэрбээр уг хэрэгт авагдсан төрийн нууцын зэрэглэлтэй зарим баримт нотолгоог нууцын зэрэглэлээс гаргаж олон нийтэд танилцуулсан юм. Ингээд түүний сэтгүүлчтэй хийсэн ярилцлагаас хүргэж байна.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн  хэрэг 18 жилийн дараа яагаад гэнэт илэрчихэв?

-Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн нууцын зэрэглэлд хамаарах хэрэг матераилаас тодорхой нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргаж олон нийтэд мэдээлэх зөвшөөрөл олгосон. Хэрэг гарснаас хойш 1998 оны 10-р сарын 2-ны өдөр хэрэг гарснаас хойш мөрдөн байцаалтын ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байсан. Энэ хугацаанд цуглуулсан нотлох баримт дээр тулгуурлан 2015 оны 8 сарын 31-нээс Амгаланбаатар, Чимгээ, Содномдаржаа нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Энэ бол өнөөдөр гэнэт илэрсэн шинэ нөхцөл байдал биш. Өнгөрсөн 18 жилийн турш цуглуулсан баримт, нотолгоонуудыг үнэлж, шүүхээр шийдвэрлэсэн нь өнөөдрийн цаг хугацаатай давхцаж байгаа.



-Тухайн үед 16 настай байсан хүүхэд ийм хэрэг үйлдсэн үү гэж эргэлзсээр л байна?

-Бие бялдарын хувьд өөрийгөө 18-тай гэж найз бүсгүйдээ хэлэхэд итгэхээр, өсгөлүүн хүүхэд байсан. Энэ талаарх баримтыг одоо харуулъя. Түүнтэй үерхэж байсан эмэгтэй шүүхийн шатанд гэрчээр оролцохдоо Амгаланбаатарын талаарх дурсамжаа сэргээн дүрсэлж ярьсан.

Шүүх хуралдааны хэсгээс

“1998 оны 8-р сараас 11 сар хүртэл үерхэж байсан. Бие бялдарын хөгжил сайтай ш дээ”



-Энэ хэргийн дараа Булган гэрчээр мэдүүлэг өгч байхдаа тухайн хэргийг үйлдсэн байж болох хүмүүсийг оюун санаанаас гаргасан дүр төрхийг цаасан дээр буулгасан байдаг.


-Амгаланбаатар хохирогчийн гэрт ороод ваннын өрөөг таньсан тухай бичлэгийн талаар?

-Уг хэрэгт хүмүүсийг холбогдуулж шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар яллах болон цагаатгах талын нотлох баримт цуглуулах үүргийг хүлээдэг. Олон нийт Амгаланбаатар өөрөө хэргээ хүлээсэн гэдгээр ойлгож дүгнэж байгаа. Гэхдээ хэлсэн мэдүүлсэн зүйл нь үнэн зөв бодит эсэх, нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхийг мөрдөн байцаах, байцаан шийтгэх тодорхой ажиллагаагаар нотолдог. Энэ нотолгооны нэг хэсэг буюу төрийн нууцын зэрэглэлээс гаргасан хэсэг нь талийгаачийн ванны өрөө өөрчлөгдсөн, зай талбай нь өөр байсан гэдгийг сэргээн дүрсэлж ярьж байгаа хэсэг. Талийгаачийн амьдарч байсан байрыг 2000 он гарснаас хойш Булган засвар хийж өөрчилсөн байдаг. Ганцхан тэр хүний мэдэж байсан мэдээллийг тухайн орчин нөхцөлд байсан гэдгээр сэргээн дүрсэлж ярьж байгаа хэсгийг үзүүлье.



-Энэ хэргийг хэдэн хүн үйлдсэн гэсэн үг вэ?

-
Өнөөдрийн мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоосон нөхцөл байдлаар 4 хүнийг энэ хэрэгт гүйцэтгэгчээр оролцжээ. Эдгээр хүмүүсийн нэг нь Содномдаржаа, Амгаланбаатар нарын гарт амиа алдсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон.

-Хэрэг амьд гэрчтэй. Гэвч яагаад 18 жил илрээгүй вэ гэх асуулт их байдаг. Булган яагаад шүүх хуралд оролцоогүй вэ?

-Булган тухайн хэрэг гарах үед байсан хүн мөн үү гэвэл мөн. Бидний дагаж мөрдөж буй Байцаан шийтгэх хуулийн 45-р зүйлд тухайн хэрэгт холбогдолгүй, тухайн хэргийн талаар үнэн зөвийг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж заасан. Гэтэл Булган энэ хэрэгт холбогдон шалгагдсан хүн. Хоёрдугаарт Булганы хувьд шүүхийн шатанд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг үндэслэлээр прокуророос Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа. Тэгэхээр байцаан шийтгэх хуулийн дагуу гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүй.

Байцаан шийтгэх ажиллагааны  үеэр Ц.Амгаланбаатарын  хэрэг үйлдэхдээ ярьсан зүйл болон Содномдаржаагийн  хэрэг болох үед гадаа нь байсан тухай яриаг үзүүлэв. 



Амгаланбаатар ваннын өрөөнд талийгаачийг орж ирэхэд Жаагий /Содномдаржаа/-тай хамтран унагасан тухайгаа дүрсэлж ярьсан бол Содномдаржаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Хүн хутгалах гоё байдаг юм байна. Тэгсэн паар нь уурлаад “боочих байсан юм” гэхэд дуугай бай хүн сонсчихно гэсэн. Чимгээ нь удирдаад байсан юм шиг байна лээ” гэх зэргээр ярьжээ.

-Ж.Сандагсүрэн: Дээрх мэдүүлэг дээр тухайн хэрэг болох үед дэргэд нь байгаагүй мэтээр ярьсан нь эрүүгийн хариуцлагаас зайлах гэсэн өөрийнх нь /Содномдаржаагийн/ субьектив сонирхлоос үүдэлтэй мэдүүлэг.



 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна