Ам.долларын албан ханш сүүлийн дөрвөн өдрийн гуравт нь өслөө. Лхагва гарагт Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 0.07 хувиар өсөж, нэгжийн үнэ нь 2459.38 төгрөг болсон байна. Төв банк мягмар гарагт арилжааны банкнуудын ам.доллар худалдан авах захиалгын гуравны хоёрыг биелүүлснээр буураад байсан ханш эргэн өслөө. Хэдий тийм боловч энэ нь ам.долларын ханш бараг 2500 нэгжид хүрч байсан нэгдүгээр сарын есний үеэс 1.6 хувиар буураад байна. Нэгдүгээр сарын сүүлээр ам.долларын ханш 2463 төгрөг болж, буурч байсан ч хоёрдугаар сард эргэн өссөн бол гуравдугаар сарын 16-нд ам.долларын албан ханш 2454.96 төгрөг болж байжээ.
Харин юанийн албан ханш сүүлийн зургаан өдрийн тавд нь өслөө. Монголбанк лхагва гарагт нэг юанийн ханшийг 357.18 төгрөгт зарласан байна. Энэ нь гуравдугаар сарын долооноос хойш байгаагүй өндөр үнэ болж байна. Энэ сарын турш юанийн ханш он гарснаас хойш байгаагүй доод үнээр нэрлэгдэж байгаа юм. Мөн Монголбанк дахин нэг долоо хоногтой 295 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжсан байна. Ингэснээр энэ төрлийн ТБҮЦ-ны үлдэгдэл нэг их наяд 4.7 тэрбум төгрөг болж өсжээ.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна