Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал 5-р сард ашиглалтад орно

1 цаг 32 минутын өмнө
УИХ-ын дарга М.Энхболд Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа. Нисэх буудал барих ажил 2013 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд 100 хувь япон стандарт буюу үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан орчин үеийн дэвшилт байгууламж болжээ.

Нисэх онгоцны буудлын хувьд энэ оны хоёрдугаар улиралд багтан ашиглалтад орно гэж байсан ч нислэгийн тоног төхөөрөмж суурилуулах, турших байгууламжийг тохижуулах зэрэг ажил удааширсан байна. Дээрх дутуу ажлуудаа хийж дуусгаснаар ирэх оны тавдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр   төлөвлөж байна. 

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд "Монгол Улсын гадаадад гарах гарц, улс орны нүүр царай болох онцгой объект учир ажилтай нь танилцаж байна. Одоогоос  11 жилийн өмнө би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2006 оны гуравдугаар сард Япон Улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайдад олон улсын нисэх буудал барихад тусалж, дэмжих санал тавьсан. Үүнээс хойш дөрвөн сарын дараа Японы Үрөнхий сайд Ж.Коизүми манай улсад айлчлахдаа шинэ нисэх онгоцны буудал барих саналыг хүлээн авсан гэдгээ хэлсэн. Улмаар 2008 оны тавдугаар сард УИХ-аар зээлийн гэрээ соёрхон батлагдсан юм. Одоо Монголын талын санхүүжилтээр хийх зарим нэг ажил дутуу юм байна. Нисэх буудлын эрчим хүчний эх үүсвэрийг хангах станц барих зэрэгт шаардлагатай санхүүжилтыг нь шийдвэрлэж, Монгол Улс гэрээгээр хүлээсэн үүргээ үүргээ биелүүлэх ёстой. Санхүүжилтийг шийдвэрлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгнө. Санхүүжилтийн тодорхой хувь нь улсын төсөвт туссан"  гэлээ. 

  Нисэх буудлын үдэх, угтах танхим ойлгомжтой зохион байгуулалттай ба одоогоор зургаан гарц баригдсан ч цаашид 20 хүртэл өргөжүүлэх боломжтой гэнэ. Мөн нисэх буудлаас зургаан онгоц зэрэг хөөрч болохоор төлөвлөжээ. Хоёр сарын өмнө байгууламжийг улсын болон техникийн комисс шалгахдаа хаалганы бариул солих, хазгай наасан ханын хавтанг засах зэрэг 1164 ажлыг гүйцээж хийх шаардлагатай гэсэн санал дүгнэлт гаргасан бөгөөд түүнээс хойш 900 гаруй ажлыг хийсэн, одоо дутуу байгаа 200 орчим ажлыг дуусвал төслийн нэгж хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлнэ гэсэн танилцуулга мэдээллийг төслийн нэгжийн захирал Б.Энхбат хийсэн юм.


 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна