Монголбанк арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийнэ
Манай улс Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд банкны салбарт хяналт шалгалт хийх үүрэг аваад байгаа билээ. Тэгвэл Монголбанк арилжааны банкнуудын активын чанарын үнэлгээг энэ ондоо багтаж Олон улсын байгууллагуудаар хийлгэхээр болжээ. Учир нь, манай улсын арилжааны банкуудын зээлжих чадварыг үнэлэхдээ гадны нэр хүндтэй, туршилгатай байгууллагаар хийлгэх нөхцөлийг ОУВС-гаас тавьсан аж.
Өөрөөр хэлбэл, одоо байгаа арилжааны банкууд санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой эсэхийг шалгана гэж ойлгож болох юм. Монголбанкны хувьд дээрх үнэлгээг хийх Олон улсын байгууллагыг сонгон шалгаруулахад анхаарч ажиллаж байгаа аж.
Нөгөөтэйгүүр манай улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь авч үзвэл арилжааны банк 96 хувь, бусад нь ердөө дөрвөн хувийг нь эзэлдэг. Монголбанкнаас өгсөн мэдээллээр арилжааны банкнуудын нийт актив өмнөх оноос 15.1 хувиар өсчээ. Зээлийн өсөлт нь жилийн 8.1 хувьтай гарчээ.Арилжааны банкуудын активт иж бүрэн үнэлгээ хийсний дараа цаашид банкны салбарт хийх бүтцийн өөрчлөлт тодорхой болох юм байна. ОУВС-гийн тавьж байгаа шаардлага нь санхүүгийн зах зээлийн тэнцвэртэй байдлыг бий болгоход чиглэж байгаа. Энэ нь ирээдүйд манай улсад үр өгөөжөө өгч эдийн засгийн тогтвортой хүртээмжтэй өсөлт бий болно гэдгийг шинжээчид, эдийн засагчид онцолж байгаа юм.
Үүнээс гадна өнгөрсөн 17-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 14 хувьд хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ. Тэд хадгаламж болон инфляцийн түвшин сайн байгаа болон гадаад зах зээл дэх сэргэлттэй нөхцөл байдлаас үүдэн хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Зөвлөлийн хуралд оролцсон нэг гишүүн бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргасан ч үлдсэн гишүүд хэвээр үлдээх шийдвэр гаргасан.
Эдийн засгийн нөхцөл байдал, төрөөс баримталж байгаа бодлого зэргээс шалтгаалан бууруулах эсвэл өсгөх талаар шийд гаргана” хэмээн ярьж байна. Монголын эдийн засгийн төлөв байдал богино хугацаандаа эерэг, гадаад зах зээл дэх нэр хүнд сэргэж байгаагаас шалтгаалан гишүүд бодлогын хүүг хэвээр үлдээхээр болжээ. Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг 14 хувьд хүргэж бууруулсан билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна