Р.Отгонтулгын ах Р.Ононгийн хэрэг прокурорт шилжлээ

2017/03/24
Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Ононг 2015 оны сүүлээс Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

Тодруулбал, түүнийг эрүүгийн хуулийн 270.1.2-т заасан "Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон” гэх үндэслэлээр буюу албан тушаалаа ашиглан хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Р.Онон гэж хэн бэ?

Тэрбээр Татварын ерөнхий газрын  НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн захирал Р.Отгонтулгын төрсөн ах бөгөөд өнгөрсөн Засгийн үеэс хоёул төрийн өндөр албан тушаалыг хашиж байв.

Р.Ононг  Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, авто замын зөвлөхийн хяналтын туслан гүйцэтгэгч гэх халхавчаар “Эн Би Си Си” ХХК-ийнхаа данс руу 2015 оны хоёр болон аравдугаар сард 200 сая төгрөг шилжүүлж авсан байж болзошгүй гэж үзсэн байна.

Мөн Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд 800 сая төгрөгийн үнэлгээтэй байр, Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, “Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер-200” автомашин зэрэг үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийнхөө санхүүгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа аж.

Шүүхийн шатнаас мөрдөн байцаалтад хэдэнтээ буцаж, олон нийтийн анхаарлаас холдсон  эл хэргийг Авлигатай тэмцэх газар дахин шалгаж дуусаад өнөөдөр Нийслэлийн прокурорын газар шилжүүлжээ.

Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 5-10 жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-8 найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай юм байна.
 
Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна