Эмгэнэл

2017/03/24
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Наваан овогтой Нямдаваагийн Гантөмөр нь ѳвчний улмаас хорвоогийн мѳнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхдөд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Н.Гантөмөр нь 1970–1980 онд 10 жилийн дунд сургууль, 1998-2001 онд Санхүү банкны “Өлзийт” дээд сургууль, 1999-2000 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын менежер,  2012-2014 онд  “Билиг” дээд сургуульд Эрх зүйч, 2014-2016 онд Эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.

Тэрээр Хүүхдийн хувцасны үйлдвэрээс хөдөлмөрийн гараагаа эхэлж,  улмаар 1990-1992 онд Найрамдлын районы Ардчилсан намын нарийн бичгийн дарга, 1992-1997 онд “Хөх Монгол” Үйлдвэрчний эвлэлийн дэд тэргүүн, 1996-2000 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2000-2005 онд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дэд дарга, 2005-2010 онд Удирдлагын академийн Санхүү, аж ахуйн албаны дарга, 2010-2012 онд Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байлаа.

Н.Гантөмөр нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллах хугацаандаа дүүргийн тохижилт үйлчилгээ, худалдаа, өмчийн бүртгэлийг сайжруулах чиглэлээр, Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа Сонсголонгийн хүнд даацын замын асуудлыг шийдвэрлэж,  Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх, Улиастай-Гацуурт чиглэлийн замуудыг бүрэн ашиглалтад оруулах зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэсэн билээ.

Мөн  “Гудамж” төслийн Удирдах хорооны даргаар ажиллах хугацаандаа замын түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой олон уулзваруудыг шинэчлэн зохион байгуулах, нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, дэд бүтэцтэй холбоотой олон чухал шийдвэрүүдийг гаргахад үнэтэй  хувь нэмэр оруулсан юм.

Тэрээр нийслэл хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэлж баршгүй чухал үүрэг гүйцэтгэсэн шилдэг менежер байлаа.

Түүний хөдөлмөр, бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Чингисийн одон”, “Сүхбаатарын одон”-оор шагнаж байжээ.

Талийгаачийн улс эх орон, нийслэл, дүүргийнхээ төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.
 НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна