С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болгоод байна. Тодруубал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад "Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлйн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсөн юм.
Ингэснээр Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт оролцож, Төрийн нууцын зэрэглэлээс гаргасан мэдээллээс дурдаж, яллагдагч нарын хэргээ хүлээж байгаа, гэмт хэрэг үйлдсэний нь нотлох баримт бүхий дөрвөн видео бичлэг, С.Зориг агсны гэргий Б.Булганы тухайн хэргийг үйлдсэн болох хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувилбарыг үзүүллээ.
Мөн хэрэгт дээрх гурван хүнээс гадна нэг хүн гүйцэтгэгчээр оролцсоныг онцолжээ. Харин тухайн хүн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын гарт амь насаа алджээ. Үүгээр зогсохгүй Б.Булган гэрч хэдий ч тухайн хэрэгт холбогдон шалгагдсан учир шүүхийн шатанд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тиймээс тухайн хэрэгт ямар ч оролцоогүй хүн гэж тогтоогдоогүй учир хуулиараа гэрч болох боломжгүй аж.
Ямартаа ч нууцын зэрэглэлээс гаргаж олон нийтэд мэдээлсэн явдалд хүмүүс янз бүрийн байр суурьтай байгаа юм. Гэхдээ ихэнх хүн ямар ч итгэл үнэмшилгүй зүйл болоод байгааг онцолж сошиал орчинд багагүй шүүмжлэл өрнөөд байна.
Тодруулбал, Арван найман жил илрээгүй хэрэг Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх хугацаанд илэрч байгаа мэт жүжиг тавьж байна.
-Тухайн үеийн аман зурагт Б.Содномдаржаа Т.Чимгээгээс намхан, жижиг, туранхай биетэй дүрслэгдсэн байхад бодит байдал дээр Б.Содномдаржаа өндөр, махлаг, том биетэй хүн байна. Аман зурагтай огт нийцэхгүй байна.
-Тухайн үеийн сонин хэвлэлүүд гарч байсан мэдээлэл, гэрчүүдийн яриатай өнөөдрийн энэ нөхцөл байдал, гэрчүүдийн яриа маш их зөрж байгаа төдийгүй зөвхөн үндэсний телевизээр нууцын зэрэглэлтэй хэргийг ил тод мэдээлчихээд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг боож, дэлгэсэн баримтаа дахин задруулахгүй гэж байгаа нь цаанаа учир шалтгаантай зэргээр шүүмжлэл өрнүүлсээр байгаа юм.
Тэгвэл манай сайт уг хэрэгтэй холбоотой зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргасан асуудлаар, цагаатгах талын баримтыг мөн үзүүлэхгүй байгаатай холбоотойгоор яллагдагч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа. Таны хүү болон бусад холбогдогч хэргээ хүлээсэн дүр зураг харагдаж байна?
-Эхний зургаан хоногт маш их дарамт шахалт үзүүлж, өмгөөлөгчгүйгээр байцаалт авсан тэр хэсгээ л нууцын зэрэглэлээс гаргалаа гээд цацаад байх шиг байна. Гинж, гавтай аваачаад С.Зориг агсны байшин савыг зааж дарамтлаад л, цахилгаан тогтой сандал дээр суулгаж байж хэлүүлсэн зүйлсээ МҮОНТ-ээр цацсан байх гэж бодож байна.
Энэ бол Ерөнхийлөгчийн л хийж байгаа ажил. Ерөнхийлөгчийн команд дор Тагнуул, шүүхийн байгууллага явж байгаа учир яаж ч чадахгүй байна. Эд нар өөрсдийн үйлдлээ бататгах гэж ингэж улайрч байгаа нь яллаж, хэлмэгдүүлсэнээ харин ч батлаад өглөө л гэж харж байна даа. Өөрсдийгөө илчлээд байна шүү дээ. Үнэн хэрэгтээ тэр Ц.Амгаланбаатар ч энэ хэрэгт хамааралгүй.
-Хүүгийн тань өмгөөлөгч байр сууриа илэрхийлэх болов уу. Одоо та бүхэнд ямар зүйл хэлж байна?
-Өмгөөлөгч маань Мөнхтөр гэж хүн байгаа. Үнэхээрийн хангалтгүй, муу ажиллаж байгаа. Энэ улсуудын талд байгаа биз дээ. Анхнаасаа л энэ өмгөөлөгчтэй хамтарч ажиллаж байна. Гэтэл одоо яах нь ч мэдэгдэхгүй байгаад байна. Давж заалдах шатны шүүхийн дараа уулзахад би шүүхийн шийдвэрийг яах ёстой юм. Нууцын зэрэглэлтэй зүйл дээрээ гарын үсэг зурсан хүн шүү гэж уурладаг. Энэ хүмүүс эл хэрэгт яагаад ч оролцох боломжгүй гэсэн үндэслэлийг нь гаргаад тавьчихаж чадахгүй байна.
-Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш хүүхэдтэйгээ уулзсан уу?
-Хүүтэйгээ шүүхийн шийдвэр гарсаны маргааш уулзсан. Уйлаад, гүтгүүлчихлээ л гэж байсан.
Цахилгаан сандал дээр хүлж барьж, аймшигтай байдлаар шинжилгээ авдаг юм гэнэ лээ. Би бол ямар байдлаар миний хүүд хэрэг тулгаад байгааг гадарлаж л байна. Ц.Амгаланбаатарын аав, ээжийг хүлдэг аппаратанд оруулж барьж байсан. Тэднийг бүр тамласан шүү дээ.
-Таны биеийн байдал хэр байна?
-Одоо ч эмнэлэгт байна. Эмнэлгээс гараад хэвлэлийн хурал хийе гэсэн л бодолтой байна.
Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ийнхүү байр сууриа илэрхийллээ. Ямартаа ч тэрбээр өөрийн өмгөөлөгчдөө нилээн сэтгэл дундуур байгаагаа онцлоод гүтгэлэг, хилс хэрэг хүлээлгэсэндээ бантаад янз бүрийн зүйл хийж байна гэв.
Бид хоёр талын байр суурийг хүргэх үүднээс түүний хүүгийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа н.Мөнхтөртэй ч холбогдсон юм. Тэрбээр “Магадлалаа гардаж аваад 14 хоногтоо Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргана. Эцсийн шийд гараагүй хэрэг дээр мөрдөн байцаалтын нууц задруулах нь зүй бус асуудал. Дээд шүүхээр хүчин төгөлдөр болоогүй хэрэг шүү дээ” гэлээ. Мөн Л.Жавзмаа гуайн өөрийг тань их муу ажилласан гэсэн гомдолтой байна гэдэг асуултанд “Хамтдаа ямар их зовлон тууллаа. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлэх нь тухайн хүний өөрийнх нь дур” гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна