“Эмэгтэй хүнд зөөлөн ааль зохидог юм шүү”

2017/03/24
 

Эмэгтэй хүн гайхамшигтай шинж чанартай. Умай дотор нь тархи бүрэлддэг гээд бод доо, та нар. Эйнштейн, Ленин, Чингэс хэн байдаг юм бүгд эхийн умайд бүрэлдсэн.Ямар ч шинжлэх ухаан хөгжөөд, тархи бүрэлддэг үйлдвэр бий болохыг дэлхий үзэхгүй. Хүн төрөлхтний түүх амсахгүй. Эх хүний цээжнээс сүү гарна. Тэгэхээр чинь хайрлахаас биш яах юм бэ. Бод л доо. Эрэгтэй хүний хөхийг жил шувтраад ч ус дусахгүй шүү дээ. Том агуулгаараа ийм юм. Ухаандаа,Галидас эмэгтэй хүний тухай ямар гоё хэлсэн байдаг гээч.“Миний янагийн алхам алгуур, гуя зузаан, бэлхүүс нарийн, хүйс гүн, нүд үргэсэн янзагын адил, уруул бямбын улаан, эсгэнэ тэнгэрийн заяасан гоо хатны манлай” гэж байгаа юм шүү дээ.Зураач найз маань үүнийг сонсоод“Наадах чинь үгээр зурсан анатоми байна шүү дээ” гэсэн.Монголчуудсайн эмийг ингэж шинждэг.“Шивнэж хэлсэн ч дуулдаг, чимхэж өгөвч цаддаг, гэзгэн бие намуухан гэдсэн бие нарийхан” гэж байгаа юм. Муу эмийн шинж гэхээр “Гэзгэн бие сэгсгэр, гэдсэн бие цүрдгэр, чихэж өгөвч цадахгүй, хашгирч хэлэвч дуулахгүй” гэж байгаа юм. Тэгэхээр монголчууд ямар агуу амьтад байсан юм бэ гэж. Эмэгтэй хүнийг хайрлаж яваарай.

Эмэгтэй хүний ховорхон нандин нулимс ямар хэцүү гэж санана. Эхийн нулимс тэр тусмаа ямар үнэтэй билээ. Би “Зовсон сүү”-ндээ “Хамгийн тэнэг хүн эхийнхээ нулимсаар хирээ угаадаг“ гэж бичсэн. Хүнийг мэлмэртэл нь уйлуулаад, “За боль” гээд хараад сууж болохгүй. Эр хүн битгий тэгээсэй.Эмэгтэй хүн бол их зөөлөн байх хэрэгтэй. Эмэгтэй хүнд зөөлөн аальзохидог юм шүү. Эмэгтэй хүн ерөөсөө бурхны намираад байгаа мутраас гарсан шиг санагддаг. Бурхны мутрыг харахад намираад байгаа мэт харагддаг. Тийм л амьтад байдаг болов уу. “Чиний гар” гэдэг шүлэг уншъя.

“Итгэлтэйхэн гараас чинь хөтөлсөн байхад сохорсон ч би бүдрэхгүй.
Ийм сайхан гараас чинь хор уусан ч гомдохгүй” гэж бичсэн юм. Манай эхнэр хөөрсөн л байх...


Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна