Авлигын түвшинг бууруулахад салбарын хэмжээнд хамтран ажиллана

2017/03/25
 Авлигатай тэмцэх газраас яам агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах зорилгоор хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байгаа билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яаманд ажлын хэсэг сар гаруй хугацаанд ажиллаж, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, арга зүйн туслалцаа үзүүлэх юм.

АТГ-аас томилогдон ажиллаж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн  Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай уулзаж, зорилго, чиглэлийнхээ талаар танилцуулав. Тэр эхний ээлжинд удирдах албан тушаалтны гаргасан тушаал шийдвэр, журам, дүрэм зэрэг баримт бичгүүдтэй танилцаж эхэлжээ. Мөн “Олон нийтийн хяналтын дэд зөвлөл”-ийн 3 хүртэлх иргэнийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавьж ажиллуулах талаараа дуулгав. Цаашид авлигын түвшинг бууруулахад салбарын хэмжээнд хамтран ажиллаж, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.

Салбарын сайд Д.Ганбат авлигын түвшинг бууруулах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргах үйл ажиллагаа зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Тэрээр “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн ордонд төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийх үеэрээ “ашиг хонжоо харж байгаа албан тушаалтан бизнесийн салбарт ажиллах хэрэгтэй” гэж хэлсэнтэй санал нэг байна. Тиймээс та бүхний үйл ажиллагааг бүрэн дүүрэн дэмжиж, ажиллана” гэлээ.


Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна