​2017 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

2017/03/26
2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Сангийн яам УИХ-ын даргад өргөн барилаа. Ингэснээр, хаврын чуулган нээгдмэгц төсвийн тодотголыг эхний асуудал болгон хэлэлцэх боломжтой болж байна. Олон Улсын Валютын Сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахтай холбоотойгоор өмнө нь Сангийн сайд төсвийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг танах чиглэлд хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж мэдэгдэж байсан юм. Энэ хүрээнд хүлээгдэж байсанчлан зарим татварыг нэмэгдүүлж, зардал танах арга хэмжээнүүдийг тусгасан байна. Орлого өсгөх талд зургаан төрлийн татварыг нэмэгдүүлэхээр тусгажээ. Тухайлбал, архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх, автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар заажээ.

Харин зардал бууруулахад эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах, тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн эдийн засгийн идэвхжилийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аяныг эхлүүлэх, атрын III аяныг үргэлжлүүлэх арга хэмжээг эхлүүлэх, Төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж, харин одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал хэвээр хадгалах, Төрийн албанаас хууль, тогтоомжид заасан эрхийн дагуу чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд буюу 2017-2019 он дуустал хязгаарлах, хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх, эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот бүлгийн өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, оновчтой болгох ажлыг үе шаттай эхлүүлэх, төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөө бүхий шинээр батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.

Өргөн барьсан төслөөр, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувь буюу хоёр их наяд 774.1 тэрбум төгрөг байхаар байгаа юм. Өнгөрсөн 11 дүгээр сард 2017 оны төсвийн тухай хуулийг анх батлахад алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.1 хувь байхаар баталж байв. Харин хоёрдугаар сард Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт орох асуудлаар ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсний дараа Сангийн сайд одоогийн нөхцөлд төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 14.2 хувьд хүрэх төлөвтэй байгааг онцолж байсан юм. Сангийн яамны төсөөлж байгаагаар, Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого зургаан их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага найман их наяд 789.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний33.7 хувь байхаар байна. Орлогыг 100 орчим тэрбум төгрөгөөр бууруулж, зарлагыг 200 гаруй тэрбум төгрөгөөр өсгөсөн тодотгол оруулж иржээ.
 
Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна