Б.Чойжилсүрэн: Татвар нэмэх асуудлыг төсвийн тодотголд тусгасан

2017/03/27
Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийж баталсан байх учиртай. Төсвийн тодотголд төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд 6 арга хэмжээ авахаар тусгажээ. Үүнд Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх юм байна.

Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахаар тусгажээ.

Түүнчлэн төсвийн урсгал зардлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг нэмэгдүүлсэн зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг цаг үеийн шинжтэй томоохон асуудлууд тусгагдсан байна. Өргөн барьсан төсвийн тодотголд 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувьтай тэнцэх бол нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувьтай байнхаар тооцжээ. Харин нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай байхаар тооцоолсон байна.

Төсвийн тодотголын төслийг өргөн барьсантай холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс зарим асуултад хариулт авлаа.

-Төсвийн зардлыг хэмнэх чиглэлд ямар ямар таналт хийгдэхээр  байгаа вэ. Жишээ нь халамж, цалин, тэтгэвэр тэтгэмж багасах уу ?

-Төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа 7 төрлийн арга хэмжээг авахаар тусгасан байгаа. Эм, эмнэлэгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулсан худалдан авалттай болгож байж ойролцоогоор 10-15 хувийн хэмнэлтийг гаргах, тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэх, 2026 он хүртэл эрэгтэйчүүд 65 наснаас тэтгэвэрт гаргахаар тусгасан. Жилд 6 сараар нэмэгдүүлнэ. Эмэгтэйчүүдийн хувьд 2036 оноос 65 наснаас тэтгэвэрт гарахаар тооцсон. Эдийн засгийн идэвхжилийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аяныг, атрын III аяныг үргэлжлүүлэх арга хэмжээг эхлүүлнэ. Төсөв, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж байгаа. Харин одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал нэмэгдүүлэхгүй байна. Эдийн засаг сайжирсны дараагаар нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авна. Төрийн албанаас хууль, тогтоомжид заасан эрхийн дагуу чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд буюу 2017-2019 он дуустал хязгаарлана. Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгоно. Өнөөдөр хүүхдийн мөнгийг зорилтот 60 хувьд нь олгож байгаа. Үүнийг 40 хувьд нь олгохоор болж байгаа. Харин хэмнэсэн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд хоолны талон хэлбэрээр олгоно.

-ОУВС-гийн захирлуудын зөвлөл хэзээ хуралдах вэ. Энэ хөтөлбөрт хамрагдах болсноо зарласан хэрнээ захирлуудын зөвлөл, ээлжит бус чуулганы сураг гарахгүй байхаар нийт эргэлзэж эхэлж байна. ОУВС-ийн захирлуудын зөвлөл хэзээ хуралдах вэ?

-Засгийн газар төсвийн тодотголын төслийг энэ оны хоёрдугаар сарын 13-нд хэлэлцсэн. ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаан дөрөвдүгээр сарын 11-нд болохоор төлөвлөсөн байсан. Гэхдээ Монгол Улсын төсвийн тодотголыг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар нэгдүгээр асуудалд багтаан хэлэлцэнэ. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 21-23-ны хооронд ОУВС-гийн хаврын жилийн уулзалт болно. Бид дөрөвдүгээр сарын эхний хагаст багтаан төсвийн тодотголыг батлах байх. Улсын төсвийг батлах онцгой эрх нь УИХ-д байдаг. Тийм учраас урьдчилсан тооцоогоор дөрөвдүгээр сарын 15-н гэхэд төсвийн тодотгол батлагдана. Ингээд тавдугаар сарын эхээр ОУВС-гийн хурлаар орох болов уу гэсэн урьдчилсан тооцоо байна.

-Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед сөрөг хүчний зүгээс төсвийн тодотголд орсон татвар нэмэх зэрэг асуудлаар эсрэг сурталчилгаа хийх вий гэж болгоомжлон зарим асуудлыг хойшлуулж байгаа гэж дуулсан?

айгүй биз дээ. Зарим төрлийн татвар нэмэгдүүлэхэд нийгмийн тодорхой хэсгийн дунд сөрөг хандлага гарч болно. Гэхдээ үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай шийдэхгүй бол цаашид хүндэрнэ. Гуравдугаар сарын 21-нд төлөх ёстой байсан 580 сая ам.долларын бондыг бид Засгийн газрын бондоор төлөхөөр хөтөлбөрийг тохирч чадсан. 476 сая ам.долларыг нь Засгийн газрын бондоор төлсөн бол шинээр 124 сая ам.долларын бонд гаргах санал тавьсан. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлээд төсвийн сахилгаа дээшлүүлвэл ойрын хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэнэ. Энэ хэрээр зээлийн хүү буурна. Зээлийн хүү буураад ирвэл макро эдийн засаг сэргэнэ. Хөтөлбөрт ороод сайн ажиллавал 2017 оны төгсгөлд хувийн сектор талдаа эдийн засгийн сэргэх хандлага мэдрэгдэнэ.

-Хэрэв  ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй бол Засгийн газарт өөр хувилбар бий юу?

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явчихна. Өөр хувилбар байхгүй. Манай эдийн засаг маш хүндэрсэн байгаа. Төлбөрийн тэнцлийн болон төсвийн дарамт ирээд байна. Энэ удаагийн хөтөлбөр арай урт хугацаатай буюу 3 жилээр хэрэгжих одоогийн нөхцөл байдалд тохирсон уян хатан хөтөлбөр. Өмнө нь Монгол Улс 2008 онд ОУВС-ийн хөтөлбөрт 1.8 сарын хугацаанд хамрагдаж байсан.
 
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна