Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш /2017.02.28/болно. Тус хэргийг шүүх хурал энэ сарын 20-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч, шүүгдэгчдийн талаас шүүх хуралд нэмж шинжээч, гэрч оруулах саналыг гаргаж, шүүх бүрэлдэхүүн энэ саналыг нь хүлээн авснаар хойшилсон юм.
Мөн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнхбат хэргийн материалтай дэлгэрэнгүй танилцах хүсэлт гаргасан юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашч байхдаа эрх мэдлээ урвуулан эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанид тендерийн 17 тэрбум төгрөг авч өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа юм. Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг.
Харин Г.Дэнзэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсний дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байхдаа их хэмжээний мөнгө завшсан, эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компаниар дамжуулж 17 тэрбумын тендер авсан гэдэг шуугианы тухайд “Эрдэнэс-Тавантолгой”-н ТУЗ-ийн даргын ажлыг долоон сар орчим хугацаанд л хашсан. Энэ хугацаанд 17 тэрбум байтугай нэг ч төгрөгийн тендер аваагүй гэдгээ хатуу мэдэгдье.
Нэг л өглөө тийм сенсаац мэдээ сайтуудаар тарсан.Ёстой юу ч мэдэхгүй байхад л над руу дайралтууд ирж эхэлсэн. Зогсоо зайгүй, тасралтгүй гүтгээд унахаар хүн эхэндээ “пааниг”-т ордог юм билээ. Юу болоод байгааг ч ойлгохоо байсан. Өөрөө тайлбарлая гэхээр хүмүүс хүлээж авахгүй байсан. Бүх л сонин хэвлэлээр “Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн бол муу хүн” гэсэн зохион байгуулалттай PR явчихсан. Манай эхнэр хүүхдээ гаргачихсан, нярай биетэй гэртээ байсан үе. Юун тендер, юун Тавантолгой вэ. Тэгээд ч тэр компанийн Уянга нь “Ж” овогтой. Манай эхнэр Г овогтой. Ер нь бол Дэнзэн гэдэг хүнтэй яаж энэ бүхнийг холбох вэ гэж бүх талаас нь судалсан байдаг юм билээ.
Харин “Эрдэнэс Таван толгой” компанийн тухайд “Анх намайг энэ компанид очиход үнэхээр хүндрэлтэй нөхцөлүүд угтсан. 350 сая ам.долларын зээл аваад ард иргэддээ тараачихсан, компанийн санхүүгийн байдал маш хүнд. Тэгээд яаж босгох вэ гэж бодсон. Ер нь бол зардал хэмнэхээс ажлаа эхэлсэн. Яагаад гэхээр маш үрэлгэн гэмээр зардлууд “Эрдэнэс-Тавантолгой”-д байсан. Хоёр гадаад захиралтай, тэд жилдээ 300 сая төгрөгийн цалинтай, сарын зургаан сая, жилдээ 72 сая төгрөгөөр Зайсанд орон сууц хөлсөлж амьдардаг байсан. Ингээд зогсохгүй эхнэр, хүүхэдтэйгээ жилд 2-3 удаа гадаадад зорчих зардлыг нь даадаг гэрээтэй байсан юм. Иймэрхүү гаж тогтолцоог нь өөрчилсөн. Тэгээд ч ТУЗ-ийн шийдвэр гэдэг хамтынх байдаг, ганц Г.Дэнзэнгийнх биш” гээд Я.Батсуурь захирлыг баривчилсан явдлыг гайхдаг.
“Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь, түүний хамт олон үнэхээр сайн ажилласан. Компанийг зөв түвшинд аваачиж ажиллахын төлөө их хүчин чармайлт гаргаж “Эрдэнэс-Тавантолгой”-н үйл ажиллагааг ахицтай, бодитоор сайжруулж чадсан хүн. Хүмүүс Тавантолгойг их амархан төсөл юм шиг ойлгодог. Тийм болоод л бүгд ярьдаг биз. Гэтэл үнэхээр хүнд ш дээ. Гадаад захирлууд нь 300 саяын цалин авч байхад жирийн уурхайчин нь сарын 600 мянган төгрөгийн л цалинтай ажилладаг” гэх тайлбар хэлж байжээ.
Тэрбээр маргааш болох шүүх хуралдаанд бохир улстөрийн золиос болсноо баримтаар нотлох гэнэ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна