Өвгөн насанд өдрийн гэгээтэй уралдаад толгойд орсон элдэв шидийн бодлоо уран зохиол болгоод л бичиж суувал барав атал өр голоос зууралдаатай эх орноо гэж амьсгаа тоолонгоо санаашрах “сайхан” зовлонгоосоо болоод арай л дуугай дүмбийн сууж эс болом хэдэн санааг өчүүхэн зуур цухалзуулмаар санагдахуйд муу минийхээ үе үе цухалзуулсан үгийг хөсөр шаалгүй уншчихдаг эрхэм гэгээн уншигчид, ард түмэндээ аанай л бас өчүүхэн зуур нэг цухалзуулахаас аргагүйдээд өмнөө цагаан цаас тавилаа даа...
Эх сайхан нутагт маань цагийн урь үнэртэж, жилийн эзэн Тахианы гоогчоон чихэнд дуулдаад цээжин дотор дулаахан л байна. Та нарт минь ч адилхан л байгаа байх даа, яамай даа!
Өгүүлэх нь:
Сүүлийн жилүүдийн цувиралд хөгшин залуугүй иргэн бүгдийн маань сэтгэхүйд Үндэсний ухамсар тун хүчтэй сэргэж, нийгмийн амьдралын салбар бүрд л “Дэлхийн түвшинд гарах”, “Дэлхийтэй өрсөлдөх” бодол ч, дорвитой яриа ч, бодит ажил үйлс ч газар авахуйцаар эрчимжиж байгаа нь нүд муудаж, чих хатуурч эхэлсэн над мэтэд ч дуулдаж, харагдаж, амьдрах гэж хүсэх, тэмцэхийн нэг хэрэгцээ маань болж байгаа нь их л сайхан, урамтай байна.
Хүний амьдралын хугацаа бол товчхондоо, хариуцлагын хугацаа л юм. Захаас нь бодоход л, илч гэгээнд нь амьдарсан нарныхаа өмнө, хүчилтөрөгчөөр нь амьсгалж амьд явсан агаар, огторгуйнхаа өмнө, уураг шаргал сүүг нь хөхөж торнисон ижийнхээ өмнө, харамгүй ачинд нь амьдралын хатууг анзааргагүй тоглосоор морины нуруунд ассан аавынхаа өмнө, “А, Я” үсэг таниулахаас эхлээд ертөнцийн утга учрын ээдрээг таниулсан эрдэмт багшийнхаа өмнө, цааш элдвийг тоочилгүй залгахад, хүний амьдралд орь ганц эх орон, ард түмнийхээ өмнө эр, эм хүйст махбодийг маань эрдэнэт хүн болгон хөгжүүлсэн агуу ачийг бүрэн дүүрэн хариулах ёстой хариуцлагын хугацаа юм.
Чихэнд ул дол болсон энэ хуучин үгийг өнөө их л шинээр ойлгон сонсож, шинээр бодох, дэлхий дахинд юу болж, яаж хувирч өөрчлөгдөж байгааг бүгдийг нь андахгүй мэддэг болсон мэдлэг, ухаарлынхаа төв голд суурилуулаад нэлээд нөрөөр ухан сэрвэлзүүлэх хэрэгтэй л байна даа.
Хариуцлага алив улс орны иргэн хүний олон үүргийн биелэлтийн бодит үр дүнгээр илэрхийлэгдэнэ.
Бид өнөөдөр “Үндсэн хууль”-даа оруулах зарим нэмэлт, баяжуулалтын тухай далайцтай ярьж эхэлж байна.
Одооны “Үндсэн’Хууль”-д иргэн бидний эдлэх эрх их олон, биелүүлэх ёстой үүрэг чамлалтай цөөхөн заагдсан. Зүй нь, үүрэг нь давамгай, эрх нь үүргэндээ захирагдангуй утга, харьцаатай байвал хүүхэд хөгшидгүй “жинхэнэ хүн” болж амьдралаа багцлахад маань тун сайн нөлөөтэй байх юм шүү дээ!
Өгүүлэх нь:
“Талцдаггүй, нэгдмэл Монгол” байх тухай тун зөв, ухаантай үг, сануулга чихэнд сонсогдох болж их баярлуулж байнам.
Уудам тал хөндийгөөрөө хаагуур хаагуургүй тарсан цөөхөн өрхтэй, айл гэрүүд нь айл гэрүүдээсээ алс, завсар хооронд нь оготно зурам, царцаа дэвхэргэнээс өөрөөр эзэнгүй хөдөөний сийрэг хүн амтай, нөгөө талд нь, нэг өрөөнийхөн нь нөгөө өрөөнийхнөө хэн болохыг ч мэддэггүй, гадаа үүдэндээ тааралдлаа ч зүс таньдаггүй, өөрийнхөө хаалганаас гаднахыг “гадны юм” гэж үзэхдээ тултал бие биеэсээ харьссан (бие биедээ харь хүн болсон) хачин хүмүүсийн бөөгнөрөлтэй монголчуудыг хооронд нь нэгтгэх бус харин ч жигтэй муухай үг хэлээр хэрэлдүүлдэг, талцуулдаг, гэрт нь ч, гудамжинд ч зодолдуулдаг улс төрийн намууд үзэл баримтлал, үйл ажиллагаагаа эрс шинэчилж, монгол иргэдээ хооронд нь эелэлдүүлдэг, эв найраар нэгтгэдэг, бие биеэ халуун сэтгэлээр хайрласан, дээдэлсэн, бие биеэ хамгаалан тэмцэх үзэл санаагаар цул барилдсан амьдралтай хүмүүс байлгах үүргэнд, юуны өмнө, бор шувууны сангасны төдий ч зөрчилгүй, маргаан мэтгэлцээнгүй эвлэлдэх цаг тулж дээ.
Бид нэг маань нэгнийхээ толгой дээр байх гэж, нөгөө нь нөгөөгийнхөө хөл дор байхгүй гэж тэмцэлдэхээр амьдрах бус, бүгдээрээ нэг ижил аавын хүүхдүүд шиг санаа эвлэн нэгдээд улсаа дэлхийд тоолгох, бусдын адил хэмжээнд үнэлүүлэхийн төлөө тэмцэж амьдрах хэрэгтэй байгаа шүү дээ!
Намууд цаашдаа оршин тогтнох гол боломж нөхцөл бол энэ зорилгыг л үйл ажиллагааныхаа тэргүүн үүрэг, гол философио болгох шаардлагатай тулгарах бололтой шиг байна даа.
Эх орны тусгаар тогтнол, нийгмийн хямралгүй, савлагаагүй, тогтвортой хөгжил, хүртэц муутайхан амьдралтай ард иргэдийнхээ олонхийг жаахан жаахан чинээлэгдүү аж төрүүлэхүйц орлоготой эдийн засгийн нүүр харуулах бодлогоос өөр ил далд бодлоготой улс төрийн хүчин байж хэрхэвч үл болно! Гол чухал энэ зорилгыг биелүүлж чадахгүй л бол ард түмэн бидэнд ямар ч нам, эвсэл, бүлэг, ямар мэдлэг боловсролтой улстөрч байгаад хэрэггүй нь их сайн ойлгогдох болчихлоо.
Өгүүлэх нь:
Хүн ядмаг зүдмэг амьдрал туулж болно. Өөрийнхөө ядмаг зүдмэг амьдралд хүн өөрөө хагас буруутай. Хүн өөртөө л гомдох хэрэгтэй байх!
Хүн амьдралдаа эрх чөлөөгүй өдрүүдийг өнгөрүүлж болно. Эрх чөлөөгүй өнгөрүүлсэн өдрүүддээ хүн өөрөө л бүрэн буруутай. Хүн өөрөө л гэмших хэрэгтэй байх.
Хүний эх орон, нутаг ус нь эдийн засгийн тусгаар тогтнолгүй өдрүүдтэй байх цаг үе хүний амьдралд тохиож болно. Эх орон нь нийгмийнхээ ийм ч, тийм ч салбарт тусгаар тогтнолгүй байгаа түүхтэй өдрүүдтэй цаг үед амьдарч байсан хүн өөртөө хэдий гэмшивч багадна, өөрөө өөрийгөө яллах хэрэгтэй!
Эх орноо аливаад тусгаар тогтнолгүй болгоход хүргэвээс тухайн тэр цаг үед амьдарч буй хүний амьдрал хагас амьдрал, хагасын хагас амьдрал байсан байх болно, их л муухайдаа...
Эх орны хөгжил, үндсэндээ, нэг юмнаас л, гүн, дотоод чинадыг нь хэн ч, хэзээ ч, ямар ч үгээр тайлбарлаж эс чадах ганц агуу юмнаас л хамаардаг. Тэр агуу юманд хүрэхүйд хэцүү ч, маш амархан. Гагцхүү хачин нь, яагаад амархан нь ч, яагаад хэцүү нь нууц байдаг.
Тэр агуу юм-Хайр!
Хүний амьдралд хамгийн ойлгомжтой ч, хамгийн ойлгомжгүй нь Хайр юм шиг надад санагддаг.
Хайрыг хүн хаа нэгтээгээсээ олоход ч, хайрын агууд хүрэхэд ч зарим хүмүүст амархан байдаг л байх, заримд нь ч хэцүү байдаг л байх. Тэгж харагдаад байдаг. Бодвол, амархан байх чанартай тохиол нь ч нууц, хэцүү байх чанартай тохиол нь ч нууц байдаг юм уу, бүү мэд. Ямартаа ч хүнд эхээс төрснөөс нь хойшхи хугацаанд нь, амьдралд нь хэрэгтэй олон юмсын дотроос хамгийн эхний хэрэгцээтэй нь хаанаас ч хараат бус тусгаар тогтнох эрхтэй эх оронтой байх хэрэгцээ юм.
Үүнийг би амьдралаас үнэхээр сайн мэдэж авсан, тэгээд ч үнэхээр сайн ойлгож сурч дээ, хөөрхий.
Хэн мэдэх вэ, Бурхан минь, хэн нь ямар хэмжээгээр эх орноо бүтнээр нь хайрлаж чадаж байгаагийн нь хэмжээгээр төрсөн нутаг ус нь тэр хүний наслах насны хэмжээг тогтоодог ч байж магадгүй л юм шүү дээ...
Эх орон гэдгийг хүн бүүр дотоод гүнээсээ гүүрч мэдэхийн тулд тэндээс төрсөн үр нь байх хэрэгтэй, орь сайхныг нь гүүрч мэдэхийн тулд тэндээс төрсөн санаа, биетэй, ер нь д яг (уучлаарай!) адуу, үхэр байх хэрэгтэй. Яагаад адуу, үхэр байх хэрэгтэй нь гэвэл, эхийнхээ хэвлийд хүний нутагт зарагдсан унага эхээ хаяад нутаг гүйдэг, эзэн нь хүнд худалдсан үнээ анх тугалсан газар руугаа мөөрөөд шогшдог гэлцдэг.
Өгүүлэх нь:
Бид бие биеэ даанч бага хайрлах юм. Яг үнэндээ огт хайрлахгүй, хайрлаж чадахгүй юм.
Бидний сайхан эх орон хөгжил буурай байдаг, бид “алтан дээр сандайлсан зээлдэгчид” байдаг, бид Эзэн Чингисийн Монголоос хойшхи түүхэндээ дандаа бусдаас хараат, төрийн болоод эдийн засгийн тусгаар тогтнолгүй үргэлжилсэн түүхтэй явж ирсэний үндсэн шалтгаан гэвэл бид бие биеэ муу хайрлаж ирсэн, бие биенээ хайрлах сэтгэлээр дутаж байсанд оршиж байсан байхаа магадгүй юм шүү.
За, үзгэнд соруулсан бэхний үлдэл дуусчихлаа. Өндөрлөе! Нэг харсан чинь нүд эрээлжлэм зөндөө үг эрээччихэж, хүлцэл өчье!
Эх орноо үндэсний бүтээн байгуулалтаар хөгжүүлэх үзэл философи, үйл хөдөлмөрөөр гагнагдсан, тэгээд, хөдөлмөр эрхэлдэг ядаж, ганц сая хүнтэй, тэд нь дор хаяж хоёр хүний хийхийг хийж чаддаг мэдлэг, мэргэжилтэй болчихвол миний энэ бичиж мунгинаж суугааг хэн ч бичих хэрэггүй юмсанж дээ.
2017 оны гуравдугаар сарын 20.
Алтан тэвшийн хөндий
Сэтгэгдэл бичигдээгүй байна