Инээмсэглэл

2017/03/29
Би түүн рүү зөөлөн нь аргагүй толгойгоо эргүүлэн болгоомжтойгоор нүд рүү нь харлаа. Нулимс хурсан хэрнээ инээмсэглэж байгаа түүний нүдийг хараад л зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй догдолж, зүрхний чанадаас урсах хайр нүдэнд минь дусал нулимс болон тогтож, түүнийг тэврэхээр гараа алдлан зүтгэв.

Сэтгэл дотор минь хуралдаж байсан хар бараан түгшүүрийг түүний инээмсэглэл сарниаж, цав цагаан өнгөөр бүхнийг сүлж орхих шиг тийм мэдрэмж төрж цээжиндээ чанга гэгчээр тэврэх хэрнээ, инээмсэглэж буй нүдийг нь дахин харах гэж өөр рүүгээ эргүүлнэ.

Тийм нүдэнд ямар их ид шид оршдогийг би тэгэхэд л анх удаа анзаарсан сан. Хүний зүрхний гүнд орших хайр талархал, зөвхөн инээмсэглэлээр л илэрч гардаг аж. Ямар ч илүү дутуу тайлбаргүй, ямар ч илүү дутуу үйлдэлгүй, ямар ч илүү дутуу учирлалгүйгээр шүү.

Инээмсэглэл хүний сэтгэл дэх гунигийн бараан сүүдрийг, халуун дулаан нарны илч сарниах шиг ид шидтэй. Хэрэв бид анзаараад харах юм бол энэ ертөнцийн гэрэлт нарнаас гадна үй түмэн ид шидтэй гэрлүүд сацарч байдаг. Энэ бол инээмсэглэл юм.

Өглөө сэрж орноосоо босоход цонхоор тусах нарны шив шинэхэн сацрагтай зэрэгцээд хайртай хань чинь чамайг өхөөрдөн инээмсэглэж байхад л өрөө тасалгаа, зүрх сэтгэл бүхэн нь баяр бахадлаар дүүрч амьдрал тэр чигтээ утга учиртай болж эхэлнэ. Өөрөө инээмсэглээд л, дутуу дундуур юу ч үгүй энэ амьдралд үргэлж талархаж баярламаар ч юм шиг санагдах.

Зүгээр л гудамжинд зөрөөд өнгөрөх хэн нэгэн над руу харан инээмсэглэхэд л сэтгэл дотор баяр баясал төрж өөрийн мэдэлгүй хөл дээрээ хөнгөн шингэн гэгч нь алхана. Зөрөөд өнгөрөх өөр хэн нэгэн рүү инээмсэглэмээр ч юм шиг хөгжүүн. Урдаас тань хаалга нээж ялдамхнаар инээмсэглэх хүн рүү инээмсэглэн харж, гараараа далламаар ч юм шиг, нэг бол баярлуулах сайхан үг хэлмээр ч юм шиг санагдах үе зөндөө. Ажлын газрынхан тань бүгд л бие бие рүүгээ инээмсэглэн харахад л хэцүү бэрх юу үгүй, уйтгарлаж гуниглах юу ч үгүй, уцаарлаж хашгичих шалтгаан ч үгүй болдог. Инээмсэглэл гэгч урам зориг бүхнийг бадраадаг шидтэн аж.

Чамайг доромжлон тохуурхах нэгэн рүү зүгээр л инээмсэглээд харахад тэр хүн зогтусдаг. Чам руу тургилах гэж байсан хамаг муу үгсийг чиний инээмсэглэл мартуулж орхиход, их л сайндаа “Тэнэг юм уу? мангар юм уу?” хэмээн амандаа үглээд чамаас холдож одно. Инээмсэглэлийн өмнө хар хорын сэтгэл хүчгүйдэж, өөрөө холдож оддог юм даа. Инээмсэглэлийн өмнө уур уцаар ч зогтусдаг. Инээмсэглэлийн толины тусгалд өөрийн арчаагүй дүрээ олж хараад ичингүйрдэг. Тэгээд л ичингүйрч холдоно.

Гэхдээ л өөрийн муухай төрхөө мартаж чаддаггүй л юм даа. Бүдүүлэг зарим нь өөдөөс нь инээмсэглэж байгаа нэгнийг “тал засч байна”, “аалигүйтэж байна” хэмээн эндүүрдэг. Өөрөө инээмсэглэж сураагүй, инээмсэглэлийн ид шидийг мэдрээгүй тэднийг ойлгож уучил.

Өнөөдөр маргааш, магадгүй нөгөөдөр чиний инээмсэглэлийн хариуд мушилзах байх л даа. Хэзээ нэгэн цагт инээмсэглэх л болно. Инээмсэглэл л бусдын инээмсэглэлийг өөртөө татаж авчирдаг. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч чиний инээмсэглэл тэр бүхнийг өөрчлөхөд чамд туслах л болно. Яагаад гэвэл тэр чинь өөрөө ид шид юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна