“ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтын нээлт болно
"Оюутан цэрэг" хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу дөрөв дэх жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. Энэ жилийн "Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалт орон нутагт хэрэгжихээрээ онцлог болох юм.
Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.
Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн.
Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.
“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 2017 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн бүртгэж, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан.
Цэргийн мэргэжил олгох сургалтын нээлтийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15.00 цагт Нийслэлийн захиргааны 5 дугаар байр ”Иргэний танхим”-д зохион байгуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна