Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр ЭМЯ-ны байранд НҮБ-ын Хүүхдийн сангаас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын 5 хүртэлх насны хүүхэд болон хөхүүл, жирэмсэн эхчүүдэд хүргэх тусламжийн барааг хүлээлгэн өгөх ёслол болов.
ОБЕГ-аас 2017 оны хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын 17 аймгийн 158 суманд өвөлжилт хүндэрсэн тухай мэдээлсэн. Иймд НҮБ-ын Хүүхдийн сангаас тус бүс нутагт амьдарч буй тав хүртэлх насны хүүхэд, хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүдээс бүрдсэн нийтдээ 42 мянга шахам хүн болон сумдын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай хоол тэжээл, амин дэмийн тусламжийн барааг ЭМЯ-нд гардуулсан юм.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бенес “Хүүхдийн сангийн хувьд онцгой байдлын үед нэн тэргүүнд бага насны хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, тэднийг эндэх, хоол тэжээлийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлэхийг зорьдог. Бидний хийсэн судалгаагаар 5 хүртэлх насны 26116 хүүхэд, 15800 жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлд байгааг тогтоосон. Тиймээс хүүхэд, эхчүүдэд Канадын хандивлагчдаас санхүүжүүлж буй хоол тэжээлийн багц тусламжийг хүргүүлж байгаа юм” гэв.
Энэхүү тусламжийн нийт санхүүжилт нь 339 мянган ам.доллар буюу 828.1 сая төгрөг болж байгаа аж. Тусламжийн амин дэм, бараа материалд хүүхэд, ээжүүдэд зориулсан олон найрлагатай бичил тэжээлийн бэлдмэл, А аминдэм, тураалын эмчилгээний сүү, бугалганы тойрог хэмжигч, жин хэмжигч, сургалт болон шатахууны зардал, нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх багц багтжээ. Мөн уг тусламжийн хүрээнд 6-59 хүртэлх сартай хүүхэд, жирэмсан эмэгтэй, хөхүүл эхэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл түгээх, нялх бага насны хүүхдийн хооллолт, асаргааны чиглэлээр зөвлөгөө өгөх юм.
Тусламж эзэндээ очиж, хэрэглээ болсон эсэхийг хянах ажлын хүрээнд 14 хоногоос нэг сарын хугацаанд гэрийн эргэлт хийнэ. Бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхийн хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоол тэжээлийн дутлыг илрүүлж, эмчилнэ.
Тусламжийн бараа материалыг Улаанбаатар хотоос ЭМЯ, Монгол Эм Импекс концерн хамтран дээрх сумдад хүргэх ажлыг удирдан зохион байгуулна. Тусламжид хамрах иргэдийн нэрсийг Эрүүл мэндийн газрууд, орон нутгийн Засаг захиргаатай хамтран урьдчилсан байдлаар гаргасан байх юм.
Дашрамд дуулгахад, НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 190 улс оронд хүүхдийн төрсөн цагаас өсвөр нас хүртэл бүхий л насны хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хөгжихөд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Д.Өлзий
Сэтгэгдэл бичигдээгүй байна