Монголбанк ам.долларын албан ханшийг гурван өдөр дараалан бууруулж зарлалаа. Нэгжийн ханш 2456.03 төгрөг болж, өмнөх өдрийн ханшаас 2.82 төгрөгөөр буурсан байна. Гуравдугаар сарын 14-ний өдрөөс хойш нэг өдрийн дотор ханш ийм хэмжээгээр буурч байгаагүй ч гуравдугаар сарын 15-нд эргэн өссөн байна. Мягмар гарагийн үдэш зарласан ханш сүүлийн гурван өдрийн дунджаас таван төгрөгөөр хямд, сүүлийн зургаан сарын дунджаас 15 төгрөгөөр өндөр тогтоод байна. Дотоодын валютын захад юанийн ханшийн савлагаа харин өндөр байна. Сүүлийн хоёр долоо хоногт албан ханшийг 10 удаа шинэчилснээс тавд нь юанийн ханш буурч, тавд нь өсжээ. Албан ханш 356.74 төгрөг байгаа нь сарын өмнөх буюу хоёрдугаар сарын 28-ны түвшинтэй ойр буюу нэг хувиар бага байна.
Монголбанк мягмар гарагт гадаад валютын ээлжит дуудлага худалдаанд оролцсонгүй. Ингэснээр Төв банк сүүлийн таван удаагийн арилжааны дөрөвт нь арилжааны банкнуудын захиалгыг биелүүлэхээс татгалзлаа. Арилжааны банкнууд мягмар гарагт 0.8 сая ам.доллар худалдан авах захиалга өгсөн бол худалдах захиалга үүнээс бараг 14 дахин өндөр буюу 11.3 сая ам.доллар байжээ. Түүнчлэн банкнууд спот арилжаагаар 34.5 сая юань худалдан авах саналтай байсан нь зах зээлд юанийн эрэлт байсныг илтгэж байна.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна