Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийн гишүүд өнөөдөр Дэлхийн банк группын Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберто Эчанди тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа
Дэлхийн банкны группын Худалдаа, өрсөлдөх чадварын газар, Олон улсын санхүүгийн корпорациас манай улсад Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон. Мөн хөрөнгө оруулагчдын ажлыг эрчимжүүлэх, Ажлын албыг чадавхижуулах хүрээнд Олон улсын санхүүгийн корпораци, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцлоо.
Дэлхийн банк группын Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберто Эчанди “Хөрөнгө оруулагчдын дунд Монгол Улсын нэр хүнд аажмаар сэргэж байна. Саяхан Канад Улсад болсон Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын бодлого хэрэгжиж, үйл ажиллагаа нь тогтворжиж байгаа тухай олон улсын эдийн засагчид хэлж байсан. Үүний нэг том илрэл нь Монгол Улсын Засгийн газар “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” байгуулсан явдал. Түүнчлэн хөрөнгө оруулагчидтай холбоотой сайн хуультай болсон энэ үед хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Бид Европын холбоонд илгээх тайлан мэдээлэлдээ Монгол Улсын тухай тусгайлан тусгах болно” гэлээ
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээх, хөдөө аж ахуйн салбартаа Олон улсын санхүүгийн корпорацитай үр дүнтэй хамтран ажиллахыг хүсч байна. Эхний ээлжинд хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болсон “өвчнөө” маш яаралтай оношилох хэрэгтэй байна. Ажлын хэсэг богино хугацаанд идэвхитэй ажиллаж үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргах бүх боломжоор хангана. Монгол Улсын Засгийн газар “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийнхөө чадамжийг нэмэгдүүлэхэд анхаарна” гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна