Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан эмэгтэй Т өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн хэрэг гарч олныг цочирдуулаад байна. Талийгаач хоёр хүүхэдтэй, сумандаа 28 жил ажиллаж байгаа, 48 настай эмэгтэй байжээ. Тэрбээр ажлаасаа халагдсандаа сэтгэлээр унаж, өөрийг нь үндэслэлгүй халсан хэмээн шүүхэд хандаад байсан гэнэ.
Хэрэг болдог шөнө талийгаач нөхөртөө “Бие засаад ирье” гэж хэлэн гэрээсээ гарч улмаар өөр дээрээ бензин асган шатаажээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч 98 хувийн түлэгдэлтэй учир амь насыг нь аврахад оройтсон байсан гэнэ. Ойрын эх сурвалжийн мэдээллээр талийгаач банкинд 15 сая төгрөгийн цалингийн зээлтэй байжээ.
2015 оны дөрөвдүгээр сард Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтэн сонгох сонгон шалгаруулалт зарлахад гурван хүн өрсөлдсөн байна. Энэхүү шалгалтад Н.Нямжав 73 оноо, Б.Одхүү 70 оноо, талийгаач Тэгшжаргал 65.67 оноо тус тус авчээ. Тухайн үед Идэр сумын Засаг даргаар ажиллаж байсан Мөнххүрэл төрийн албаны шалгалтад хамгийн бага оноо авсан байсан Тэгшжаргалыг ажилд томилсон байна.
Харин орон нутгийн сонгуулийн үр дүнгээр АН олонх болж сумын удирдлага солигджээ. Ингээд шинэ Засаг дарга Баярмаа Завхан аймгийн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Н.Нямжавыг ажилд авч талийгаачийг ажлаас нь чөлөөлсөн байна. Эл үйл явдлын дараа дээрх харамсалтай хэрэг гарчээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна