Малчин өрхүүд даатгалд хамрагдаж байна

2017/03/31
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” компани өнгөрсөн онд 18 мянга 730 гаруй малчинтай малын индексжүүлсэн даатгалын гэрээ байгуулж, нэг тэрбум 774 сая төгрөгийн хураамж төвлөрүүлжээ. Даатгуулсан малчин өрх нийт малчин өрхийн 12.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оныхоос 5.2 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Мөн даатгуулсан малчин өрхүүд өмнөх оныхоос 8421 өрхөөр харин даатгалын хураамжийн орлого 460 сая төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэхүү борлуулалтын өсөлтөд оролцогч даатгалын компаниудын тоо нэмэгдсэнээс гадна "Төрийн банк", "Хаан банк"-ны зуучлалын борлуулалт голчлон нөлөө үзүүлсэн талаар “Хөдөө аж ахуйн давхар даатгал” компани мэдээллээ.

Тухайлбал, даатгалын 10 компанийн борлуулалтын дүнг авч үзвэл нийт 18 мянга 738 малчин өрхийг даатгалд хамруулснаас 30.2 хувийг "Төрийн банк", 20.4 хувийг "Хаан банк" эзэлсэн нь хамгийн өндөр дүн болж байна. Түүнчлэн “Бодь даатгал” 20.4 хувийг, “Монгол даатгал” 12.4 хувийг харин “Практикал даатгал” 8.7 хувийг эзэлж үзүүлэлтээрээ эхний тавд жагслаа.

Үүнээс гадна даатгалд хамрагдсан малын 41.2 хувийг хонин сүрэг, 48.6 хувийг ямаан сүрэг мөн 6.7 хувь үхэр, 3.3 хувь нь адуу харин хамгийн бага буюу 0.1 хувийг тэмээн сүрэг эзэлж байна. Индексжүүлсэн даатгалд хамрагдаж байгаа малын төрлийг харахад эрсдэлд өртөмтгий байдал болон малын тоогоо харгалзан хонь, ямааг ихэвчлэн даатгалд хамруулдаг гэж “Хөдөө аж ахуйн давхар даатгал” компани мэдээлсэн юм.
Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна