​Ким Жөн Намын цогцостой холбоотой асуудлаар тохиролцоонд хүрчээ

2017/03/31
Малайз болон Умард Солонгосын засгийн газрууд Ким Жөн Намын цогцостой холбоотой асуудлаар тохиролцоонд хүрчээ. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак өчигдөр орой мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Малайзад байгаа Умард Солонгосын бүх иргэд эх орон руугаа явж болно. Ар гэрийнхнийх нь хүсэлтээр Ким Жөн Намын цогцсыг Умард Солонгосын талд шилжүүлэн өгч байна” гэлээ. Ким Жөн Нам бол Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах байсан юм. Энэ оны хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудал дээр байж байхдаа тэрбээр халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан билээ.

Энэ хэргийн улмаас Малайз болон Умард Солонгосын хооронд томоохон дипломат сөргөлдөөн үүсч, Малайзын иргэдийг Умард Солонгосоос, Умардын иргэдийг Малайзаас гарч явахыг хоёр тал харилцан хориглоод байсан юм. Умард Солонгост байсан Малайзын есөн иргэн өчигдөр орой тус улсаас гарч явжээ. Куала-Лумпурт байгаа Умард Солонгосын иргэд Малайзаас гарч явж болно гэж Пхеньян мөн мэдэгдлээ. Малайзын Ерөнхий сайд Нажиб хэлэхдээ “Ким Жөн Намыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилнэ” гэсэн байна.

Эх сурвалж: www.montsame.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна