Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн уур амьсгалтай хотуудын нэг. Харин агаарын бохирдол олон улсын стандартаас 8-15 дахин их. Агаарыг их хэмжээгээр бохирдуулж үндсэн шалтгаан нь гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрснээс ялгарч буй утаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэж баталсан байна стандартыг Дэлхийн банкны Цэвэр агаар төслөөс санхүүжүүлж батлуулсан.
Энэ стандарт нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Стандартын дагуу бүрэн шаталттай зуухыг хэрэглэх ёстой. Хүн бүр хэрэглээд зөв галлаад хэвшвэл нийслэлийн агаарын бохирдол 20-30 хувь буурах тооцоо гаргажээ.
Сайжруулсан бүрэн шаталтад зуухны стандартад өөрчлөлт оруулж мөрдөх болсонтой холбогдуулан Дэлхийн банкны санхүүжилттэй “Цэвэр агаар төсөл”-ийн судалгаа хариуцаж ажиллаж байгаа ШУТИС-ийн багш Ж.Цэен-Ойдовоос шинэ стандартын зуухны талаар тодрууллаа.
-Төслийн хүрээнд хийгдсэн “Дөл” зуухыг иргэд олноор хэрэглэдэг гэж сонссон. Тэгвэл одоо хийгдэх шинэ зуух үүнээс юугаараа ялгаатай вэ?
-Дөл зуух нь энгийн зуухыг бодвол дулаан хадгалах чадвар сайн. Мөн дээр нь тогоо тавьж, хоол хийж боломжтой гэх мэт олон давуу талтай. Шинэ стандартаар хийгдэж буй зуух нь дулаан хадгалалт, шаталтын хэмжээ мөн түлш зарцуулалт бага. Хамгийн гол нь агаарт тоосонцорын хэмжээг маш бага гаргана. Нэг ёсондоо түүхий нүүрсний шаталт агаарт ихээхэн тоосонцор болон угаарийг бий болгодог бол уг зуух маань энэхүү асуудлыг тодорхой хувиар бууруулах боломжтой.
-
Иргэд энэ төрлийн зуухыг хэрэглэж байгаа ч агаарын бохирдол буурахгүй, харин ч нэмэгдэж байгаа. Энэ удаагийн төслөөр хэрэгжих шинэ стандартын зуухыг хэрэглэснээр ямар үр дүн харагдана гэж тооцож байгаа вэ?
-Тодорхой хэмжээгээр бууруулахын тулд уг ажлыг эхлүүлж, судалгаагаа хийсэн. Мэдээж үүнд иргэдийн оролцоо маш чухал. Иргэд дэмжиж чадвал үр дүн нь илүү ойр харагдах болно.
-Зуухыг хэзээнээс үйлдвэрлэж эхлэх вэ. үйлдвэрлэгчдэд ямар шаардлага тавих вэ?
-Стандартын анхны төслийг бүх үйлдвэрлэгч нарт танилцуулах болно. Танилцуулсны дараа ямар шаардлага дутуу байна, юу нэмбэл хэрэгтэй гэх мэт санал авч үндсэндээ үйлдвэрлэх явцдаа орно. Техникийн болон байгаль орчны шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Тиймээс үйлдвэрлэгчдэд стандартад яаж нийцсэн зуух бүтээх талаар тодорхой шаардлага тавьж сонгоно.
-Өмнө нь утаа бага ялгаруулдаг найман төрлийн зуухыг худалдаанд гаргаж байсан. Энэ удаагийн төслийн хүрээнд хийгдэх зуухыг зах зээлд хэдэн төгрөгөөр худалдаалах вэ?
-Зуухны үнийг 350.000-400.000 төгрөгөөр үнэлэн тогтоож байгаа. Гэхдээ материал болон хийцээс шалтгаалж үнийн дүн нь удахгүй тодорхой болно.
Б.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна