Маргаашнаас эхлэн автобусанд бэлэн мөнгөөр зорчихгүй

2017/03/31
Нийтийн тээврийн том оврын автобус, троллейбусанд байрлах бэлэн мөнгө хийх хайрцгийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн авч, цахим хэлбэрээр үйлчилгээний төлбөрөө авдаг болохыг нийслэлийн Тээврийн газраас анхааруулж байна. Тэд бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, картад шилжбэл, нийтийн тээврийн бодит орлого хотын нийтийн тээврийн газар төвлөрнө гэлээ. Учир нь иргэд бэлэн мөнгөний хайрцагт дутуу мөнгө хийх, жолоочид бэлэн мөнгө өгөх явдал тасрахгүй байгаа аж.  Энэ нь эргээд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн өдрийн орлого 23 хувийн алдагдалтай гарахад хүргэжээ.

Картын хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулах юм байна. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд 900 гаруй шалгагч ажиллаж төлбөр төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх аж.

Иргэдэд үйлчилгээг ойртуулж, картжуулах ажлын хүрээнд карт цэнэглэх, худалдаалах цэгүүдийн тоог нэмж тэдэнд тодорхой урамшуулал олгож байгаа юм байна. Мөн Дүнжингарав, Мишээл, Драгон зэрэг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс хязгааргүй зорчих эрхтэй сарын хугацаатай картуудыг авах боломжтой бөгөөд тус картаар өдөрт 1000 төгрөгөөр хэдэн ч удаа зорчих боломжтой аж. Картын үнэ том хүн 25000, хүүхэд 8000 төгрөгөөр авах аж. Мөн нийслэлийн захын цэгүүдэд 20000 ширхэг картыг үнэ төлбөргүйгээр тараахаар болжээ.

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна