​Дэлбэрэлт болсон газар манай улсын 300 иргэн байна

2017/04/04
ОХУ-ын Санкт-Петербург хотод өчигдөр буюу 4 дүгээр сарын 3-ны өдрийн 14.30 цагийн орчимд /орон нутгийн цаг/ Сенная плошадь-Технологический институт гэх метроны хоёр буудлын хооронд тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 11 хүн амь эрсдэж, 47 хүн шархадсан хэрэг гарлаа.

Хэргийн газарт сэжиг бүхий өөр нэг цүнх орхисон байсан бөгөөд тэсрэх бөмбөг байсныг мэргэжлийн баг аюулгүй болгосон байна.

Харин уг дэлбэрэлт болсон газар монгол иргэд байсан талаар ГХЯ-наас тодруулахад "Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс Санкт-Петербург хотод оршин суугаа монгол иргэдтэй шуурхай холбоо тогтоон шаардлагатай арга хэмжээ авч байгаа бөгөөд монгол иргэд дээрх халдлагад өртсөн талаарх мэдээлэл бүртгэгдээгүй болно.

Санкт-Петербург хотод манай улсын 300 орчим иргэн оршин сууж байгаагаас дийлэнх нь оюутнууд байна" гэлээ.

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна