Ханш нээгдэж буй энэ өдөр шоргоолз хооллох нь сайн

2017/04/04
Зуны цагт, шоргоолжийн үүр нэвтрэн гарах үеэр, шоргоолж хооллох үйлийг хийдэг. Энэхүү зан үйлийг хийхийн өмнө гараа сайтар угаана. Гар хуруунаас мах тосны үнэр үнэртэхгүй байх ёстой. Дээд адис жанлав шингэсэн маанийн үрэл зэрэг номын аршааны зүйлсийг хольсон цэвэр ус, хэрэв тийм зүйл үгүй болвоос нүгэл хилэнц арилгагч тарниудыг уншиж адисласан ус, тэр ч байхгүй болвоос зүгээр дан цэвэр ус ч байж болно. Тийм усаар арвайн гурил зэргийг чийглэх төдий болгоод түүнийг нарийн модны үзүүрээр хутган авч шоргоолжийн үүрийн амсар дээр тархаан хийнэ. Урьдах гурил дуусахаас нааш нэмж болохгүй. Ингээд шоргоолж цадсан шинж мэдэгдэх хүртэл хооллоно.



Түүх нь: 

Нэгэн хийдэд нэгэн лам шинээр шавилан суужээ. Тэрээр анх ирсэн өдрөөсөө эхлэн ихэд хичээнгүй, багшийнхаа зааж сургасан болгоныг их хурдан сайн сурдаг гайхалтай сайн шавь байжээ. Нэгэн өдөр багш нь энэхүү шавь маань ирээдүйд их юм дуулгах сайн шавь байна гэж бодоод сонирхон ирээдүйн зурлагыг нь зуран үзтэл яг 7 хоногийн дараа үхэхээр зурлагад буужээ. Тэгэд багш нь ихэд гайхан нөгөө багшид нь дуулган хэлэхэд тэрхүү багш нь зурхайг нь өөрөө зурж үзтэл бас л адилхан 7 хоногийн дараа үхэхээр буусан байна. Тийнхүү 2 багшийн зурлага нь яг адилхан гарч үүнээс гэтлэх арга чарга юу байна үзсэний эцэст бүхэл бүтэн тосгоны хүн амын хэмжээтэй хүмүүсийг цадтал хоол, хүнс өгвөл тэрхүү буяны шимээр амь хэлтэрч болох юм гэж үзжээ.

Гэвч тийм их хоол хүнс хаанаас олох билээ юу ч гэсэн үхэхээс нь өмнө эцэг эхтэй нь уулзуулж ирүүлэхээр шийдээд 2 багш нь шавьдаа замдаа идэх жаал хүнс баглаж өгөн аав ээжд нь бас зориулж юм бэлдэж өгөн мордуулж нэгэн зүйлийг сайтар захин хэлэв: "Чи гэрийнхэндээ эдгээр зүйлсийг өгчихөөд яг 6 хоногийн дараа ирээрэй, нэг ч өдөр хоцорч болохгүй шүү" гэж сануулан сануулан захин захисаар явуулжээ. Нөгөөх шавь нь яг 6 хоногийн дараа иргэн иржээ. 2 багш нь 7 дахь өдөр буюу маргааш нь шавиан нэгэн өрөөний голд суулган дээрээс унах юу байна ойр орчим бас юу байна тэр бүх байгаа зүйлсийг холдуулан хоосон өрөө болгож үхэх шалтгаан юу байна тэр бүгдийг бүрэлдэх нөхцөл, шалтгаануудыг нь хааж өдөржин ажин суутал юу ч болсонгүй маргааш болжээ. 2 багш нь гайхан шавиасаа асууж чи өнгөрсөн 6 хоногт юу хийсэнээ нэг бүрчлэн ярь гэв. Шавь нь багшдаа би гэртээ очоогүй. 6 хоног авч явсан хүнсээрээ ууланд хонон шоргоолж хооллоод ирсэн гэж хэлжээ.

Ийнхүү шоргоолж хооллох нь бүхэл бүтэн тосгон хүн амыг хооллосонтой ижил их буян хураадаг болой.

А.Сугармаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна