Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь гуравдугаар сарын 31-с дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд зүүн аймгуудад ажиллалаа. Тэрбээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, сургууль, цэцэрлэг, спортын цогцолбор, музей, соёлын төв, номын сан зэрэг салбарын байгууллагуудын ажил, байдалтай танилцаж, багш, албан хаагчидтай уулзалт зохион байгуулсан юм.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнгөрсөн сарын 31-нд Хэнтий аймагт ажиллав. Тэрбээр "Тэмүүжин" цогцолбор сургууль; IV сургууль; 1; 5 дугаар цэцэрлэг; музей; номын сан; "Хан Хэнтий" чуулгын дуусаагүй барилгын явц; Баянхутаг сумын Соёлын төв; сургууль; цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав. Хэнтий аймаг ЭЕШ-ын дүнгээр улсдаа сүүлээсээ хоёрдугаарт эрэмбэлэгджээ.
Өөрөөр хэлбэл, сурлагын амжилтаараа тааруухан үзүүлэлттэй байгааг салбарын сайд шүүмжлэв. Гэхдээ тааруу гээд орхихгүй гэдгээ ч уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Учир нь Хэнтий аймгийн таван сургуульд тус бүр 100 мянган ам.долларын өртөг бүхий “Ухаалаг боловсрол ” төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Харин аймгийн боловсролын газрын багш, ажилчид, сурагчид сурлагын амжилтаар хариу барих учиртайг уулзалтын эхэнд салбарын сайд онцолсон юм. Харин Баянхутаг сумын Соёлын төвийг засварлахад шаардагдах төсвийн тодорхой хувийг шийдвэрлэхээ БСШУС-ын сайд энэ үеэр илэрхийлэв. Тус сумынхны хувьд салбарын сайд нь ирж ажиллаж буй анхны тохиолдол нь энэ аж.
Энэ мэтчилэн БСШУС-ын сайд Ж.Батсуурь тус аймагт ажиллах үеэрээ нөхцөл, байдалтай танилцаж, шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ. БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ сарын 01-02-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт ажилласан юм. Дорнод аймгийн хувьд ЭЕШ-ын дүнгээрээ улсдаа гуравт, харин хөрш зэргэлдээ орших Сүхбаатар аймаг 18-т эрэмбэлэгдэж байна.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь Дорнод аймгийн "Хан-Уул цогцолбор" сургууль; VI, 15 дугаар цэцэрлэг; номын сан, “Дорнод” их сургууль, спорт цогцолборын ажил байдалтай танилцав. Мөн Сүхбаатар аймгийн зарим сургууль цэцэрлэг, усан бассейн, бөхийн өргөөний дуусаагүй барилга, “Жаахан шарга” театр, Мөнххаан, Сүхбаатар сумдад орших салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Дээрх аймгуудын хувьд сургууль, цэцэрлэгүүдийн барилгын насжилт дуусгавар болж, заримынх нь хана, дээвэр муудсаны улмаас зундаа борооны ус гоождог, өвөл, намартаа хүйтэн алдалт ихтэй байдаг тухай ярьж байв. Мөн соёлын салбарынхан зөвхөн боловсрол, спортын салбарт анхаарал хандуулаад соёл, урлагийг орхигдуулж байгааг ч энэ үеэр анхааруулж байлаа.
Тухайлбал, орон нутгийн музейн барилга, номын сангийн фондын асуудал хөндөгдөж байв. Жишээ нь Сүхбаатар аймгийн номын сан өөрийн гэсэн байргүйн улмаас “Жаахан шарга” театрт байрлан, үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн чимээгүй орчин бүрдүүлэх ёстой номын сан, дуу чимээ ихтэй театрт байрлаж байгааг салбарын сайд анхааруулаад, бие даасан байртай болгоход анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн орон нутагт ажиллах үеэр тооцоо, судалгаагүй зураг төсөл, тендерийн балгаар хугацаандаа ашиглалтад орж чадахгүйд хүрсэн хэд, хэдэн барилгын нөхцөл байдалтай танилцсан юм. Тухайлбал, “Хан Хэнтий” чуулгын шинэ барилгын ажлыг найман тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 2012 онд “Хөвсгөл геологи” компани эхлүүлжээ.
Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй төдийгүй эхнээсээ нурж эхэлж байгааг аймгийн удирдлагууд хэлж байв. Түүнчлэн Сүхбаатар аймгийн “Бөхийн өргөө”, усан бассейны дуусаагүй барилгын ажлууд дээрх жишээ шиг нөхцөл байдалтай буй. Мөн л тооцоо, судалгаагүй буруу зураг төслөөр эхлүүлж, тендерт шалгарсан компаниуд хариуцлагагүй, сэтгэлгүй ажилласны уршгаар дээрх барилгууд он, жилийн уртад баригдаж амжилгүй, нурж эхэлж буй харамсалтай дүр зураг хаа, сайгүй байна.
Харин БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Барилга, объектуудад хяналт тавих чиг үүргийг БХБЯ, Барилгын хөгжлийн төвд бүрмөсөн шилжүүлсэн. Тиймээс БСШУСЯ-аас шалтгаалах зүйл маш бага болчихоод байна. Гэхдээ чиг үүрэг нь манайд байхгүй гээд орхихгүй. Барилгын хөгжлийн төвийн удирдлагуудтай уулзаж, яаралтай шийдвэрлүүлэх талаас нь анхаарах болно” гэв. Мөн сургууль, цэцэрлэгүүдэд тоног, төхөөрөмж, иж бүрэн компьютер, тоглоом, гал тогооны хэрэгсэл, сурагчийн сандал, ширээ, иж бүрэн гэр цэцэрлэг зэрэг шаардлагатай зүйлсийг гардууллаа.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна