Ц.Ням-Осор: Энэ их даалгаврыг биелүүлэх хүнд 10 мянган долларын цалин өгч болно

2017/04/05
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газын дарга Ц.Ням-Осор өнөөдөр мэдээлэл хийж "Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн цалингийн хэмжээг хэн, хэрхэн тогтоосон талаар тайлбар өглөө. 

Тэрбээр   өмнөх захирлууд  20-25 мянган долларын цалин авдаг байсныг нэг дахин бууруулж, бусад урамшууллыг хассан  байхад ташаа мэдээлэл цацагдаж байна  хэмээн мэдээллийнхээ эхэнд онцолсон. 

Тэрбээр   "12-р сарын 13-нд ирүүлсэн төсөлд 1-р орлогчоор ажиллаж байсан Кутлинтай байгуулсан гэрээний нөхцлөөр ерөнхий захиралтай байгуулмаар байна” гэсэн саналтай байна гэж ирүүлсэн. Цалингаас гадна 14 зүйлийн нөхцлөөр нэмэлт урамшуулал авах санал ирсэн. Үүнээс “Эрдэнэт" үйлдвэрийн захирлын цалинг 10 мянган доллараар тогтоохыг би зөвшөөрсөн нь үнэн. 7-8 мянган хүн удирддаг, дэлхийн хэмжээний үйлдвэрийг удирдаж байгаа захирлын цалин 10 мянган доллар байх нь зүйтэй гэж үзсэн. 30-60 хувь буулгаж зөвшөөрлийг би өгсөн. Энэ их хөрөнгө хариуцлага, даалгаврыг биелүүлэх хүн ар гэртээ, амьдралдаа, цалиндаа санаа зовохгүйгээр ажиллах  хэрэгтэй.

 Хоёрдугаарт жил бүр амралтаа эдлэх үед нь олгох цалинг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний материаллаг тусламж үзүүлнэ буюу жил бүр 30 мянган доллар өгнө гэснийг зөвшөөрөөгүй. Мөн эмчилгээний зардал, ирж очих зардал болох 2-3 мянган ам долларыг өгөе гэснийг зөвшөөрөөгүй. Жилд нэг удаа гэр бүлийн гишүүний хамт амрах, аялах зардлыг даах саналыг зөвшөөрөөгүй. Улаанбаатар хотод 4-5 өрөө байрыг үйлдвэрийн зардлаар авахыг болиулсан. Нэг хүүхдийг гадаадад сургах зардлыг компани даах саналд үгүй гэж хэлсэн. Иймэрхүү байдлаар 14 саналаас мөнгөтэй холбоотой 1, унаа зардал гээд 4 саналыг зөвшөөрч, 10 саналыг зөвшөөрөөгүй. Гэтэл үүнийг буруу тайлбарласан.

Цалинг бага зэрэг өндрөөр зөвшөөрсөн. Энэ үнэн. Би үүнийг хариуцна гэдгээ хэлж байсан. Өмнөх захирлууд маш их хэмжээний хангамж эдэлдэг байсан ч энэ нь олон улсын гэрээний дагуу нууц байсан. Одоо төрийн мэдэлд очсон учраас ил болоод байгаа. Өмнө нь 240 мянган долларын цалинг ТУЗ-ийн гишүүдийн цалингаар хуваарилдаг байсан. Үүний 120 мянга нь ОХУ-д явдаг байсан. ТУЗ-ийн гишүүний цалинг 4,000 доллар болгоогүй. Засгийн газрын тогтоолоор ТУЗ-ийн гишүүний цалинд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг олгодог. ТУЗ-ийн гишүүдийн цалинг өөрчлөх тогтоох бол Засгийн газрын тогтоол дахин гарах ёстой. Би Засгийн газрын тогтоолыг л дагана.

Гуравдугаар сарын 28-нд Засгийн газар "Эрдэнэт"  үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит компани болгох тухай шийдвэр гарсан. Нэгэнт ийм шийдвэр гарсан тул хэрэгжүүлэгч газрууд болох бид хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Хэрэв 49 хувийг эзэмшиж байсан тал хуулийн байгууллагад хандаж байгаа гэж дуулсан. Тэд нэг шөнө л хуралдаад гэнэт шийдчихсэн мэт ойлголтыг өгч байна. Уг нь тийм биш. Өнгөрсөн есдүгээр сараас хойш хэд хэдэн Ажлын хэсэг байгуулагдаад ажилласан” гэлээ.

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

 -“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан гэх асуудал эцэслэн шийдэгдээгүй байхад ТУЗ-ийн гишүүдийг өөрчилж томилсон нь ямар учиртай юм бэ?

-Би яг энэ асуудлаар МҮОНТВ-ийн Цаг үе үзэл бодол нэвтрүүлэгт оролцож 30 минутын турш ярьсан. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг тэндээс авчихаарай. Хувьцаа эзэмшигчдийн асуудал дээр янз бүрийн тайлбар гарч байгаа. Нэгдүгээрт 49 хувийг төрийн мэдэлд авсан асуудал нь УИХ-аас гарсан шийдвэр тогтоолтой. Хоёрдугаарт, сая өнгөрсөн 7 хоногт Засгийн газар шийдвэрлэсэн. Тиймээс энэ шийдвэрийг бид хэрэгжүүлж ажиллаж байгаа. 49 хувийн талаас гомдол гаргаж байгаа юм билээ. Би УИХ, Засгийн газрыг зөв буруу шийдвэр гаргасан эсэхийг дүгнэх хүн биш. Энэ маргаан 2-3 жил үргэлжлэх байх. Тэр дундаа өмчийн маргаан удаан үргэлжлэх байх.

-Хувьцаа эзэмшигчдийн хуралд яагаад “Монголын зэс” компанийн төлөөллийг оролцуулаагүй юм бэ?

-100 хувь төрийнх болгож хувьцаа эзэмшигчдийн хурлаа хий гэсэн болохоос 49-тэй зөвшилц гэдэг чиглэл байхгүй. Зөвшилц гэдэг үг Засгийн газрын шийдвэр дээр ч байхгүй, УИХ-ын тогтоол дээр ч байхгүй. Да.Ганболдын яриад байгаа зөвшилцөөд гэдэг үг чинь Сангийн сайдын ахалсан худалдаж авсан зөв буруу эсэх асуудал дээр байсан байх.

-49 хувийн талаас олон улсын арбитрын шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр 49 хувийн талд гарвал хэн хариуцлага хүлээх вэ?

-Монголын төр хариуцлага хүлээнэ.

-"Эрдэнэт" үйлдвэр 7  орлогч дарга, зөвлөхтэй  байх шаардлагатай юу?

-Тэр бол ТУЗ-ийн эрх мэдлийн асуудал. Орлогч бүтэц, орон тоо бол тусдаа. Долоон орлогч захиралтай гэдэг зүйл яригдаагүй байх гэж бодож байна.

-10 мянган доллар гэдэг 24 сая төгрөг. Энэ бага мөнгө биш. Гэтэл та хэмнэлт хийсэн гэх юм?

-Та нар бодоод үз. Хэмнэлт хийсэн.  Өмнө нь хуучин захирлуудад 4 жилээр тооцоход 3.2-3.4 тэрбум төгрөгийн байр урамшуулал өгдөг байсан. Харин одоо цалингийн 300 сая буюу 1 тэрбум 200 сая төгрөг өгөхөөр байгаа. Цаана нь ерөнхий захирлаас 2-3 тэрбум төгрөг хассан. Ингэж хасахад Х.Бадамсүрэн гуай бол юу ч хэлээгүй юм шүү. Харин бусад ТУЗ-ийн гишүүдээс цалин урамшуулал хаслаа гэсэн асуудал тавьсан.

-Төрийн өмчит компанийн удирдлагууд доллараар цалинжиж болдог хэрэг үү?

-Тийм юм байхгүй. Цаанаас ирсэн төсөл учир бид 10 мянган доллартай тэнцэхүйц гэж бичсэн юм. 24 сая 500 мянган төгрөг гэж байгаа.

 - Х.Бадамсүрэн захирал машин авч унасан асуудал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Машин авсан төрийн компанийн захирал байхгүй байхад Эрдэнэт-ээс нэг гараад ирсэн. Засгийн газрын тогтоол зөрчиж байгаа гэсэн асуудал л яригдаж байгаа.
 
С.Начин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна