29-р сургуулийн багш нарын дохионы хэлний мэдлэг хангалтгүй байгаа нь тогтоогдлоо

2017/04/07
Өнгөрөгч 3-р сарын 27-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн сурагчид дохионы хэлээр хичээлээ заалгах хүсэлт тавьж хичээл хаялт зарласан билээ. Үүнээс үүдэн БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч ажиллан өчигдөр буюу 4-р сарын 6-ны орой дүгнэлтээ гаргасан байна.  Ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, 29-р сургуулийн багш сурагчдад уншиж танилцууллаа. Уг дүгнэлтээр 29-р сургуулийн багш нарын дохионы хэлний мэдлэг хангалтгүй байгаа нь тогтоогдсон. Мөн сурагчдын зүгээс хөндсөн ёс бус харилцаа байгааг тогтоогоод байна. байгаа ба одоогоор дүгнэлт нь хараахан гараагүй байгаа юм. 

Яамнаас томилогдсон ажлын хэсэг хууль, хяналтын байгууллагатай хамтран хүүхдүүдэд хүчирхийлэл үйлддэг эсэхийг тогтоохоор ажиллах аж.  3-р сарын 29-өөс 4-р сарын 5 хүртэл сурагчид амарсан учир олон сурагчдийг хамарсан судалгаа авч чадаагүйг мэдэгдлээ. 

БШСУСЯ-ны сайдын тушаалаар гарсан ажлын хэсэг дараах дүгнэлтийг гаргажээ: 

1.    Сургуулийн хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй төлөвлөгөө, дүрэм, журмыг хууль тогтоомжийн шинэчлэл, багш, сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох.

2.    Тусгай хэрэгцээт боловсролын багшийг гадаад, дотоодод бэлтгэх, одоо ажиллаж байгаа багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

3.    Тусгай сургуулиудад нэн шаардлагатай дэд бүтэц, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад тохирох зарим хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, гарын авлагаар хангах ажлыг хөрөнгө оруулалтын 2018 оны бодлого, төлөвлөлтөд тусгах арга хэмжээ авах.

4.    Багш нарын дохионы хэлний ур чадвар сайжруулах, хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжиж, холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай сургалтаар бэлтгэх, үр дүнг тооцож ажиллах.

5.    Их, дээд сургуульд элсэн суралцах сурагчдын бэлтгэл анги нээх асуудлыг тусгай сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний шинэчлэлийн хүрээнд судалж, шийдвэрлэх.

6.    Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2; 43.1.7б-д тус тус заасан “туслах багш”-ийн албан тушаалын нэр нь төрийн үйлчилгээний албан албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан Засгийн газрын 2009 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтад “туслах багш”-ийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг тодорхой болгох асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хамтран шийдвэрлүүлэх.

7.    Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.” гэсэн шаардлагыг баримталж ажиллах хүрээнд “багш”-ийн ажлын байранд нээлттэй, ил тод, өөрийн сургуулийн онцлог, хэрэгцээ, шаардлагыг хангасан иргэдээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, томилгоо хийж байхыг сургуулийн захиралд даалгах.

8.    Дохионы хэлний ур чадварыг дээшлүүлэх, багш суралцагчийн хоорондын ойлголцол харилцан адилгүй байгаагаас хүүхэд хичээлээ ойлгодоггүйгээс үл ойлголцол үүсэх хандлага байгааг анхаарч, багш нар дохионы хэлний ур чадвараа сайжруулахыг тус сургуулийн нийт багш нарт үүрэг болгох.

9.    Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон тэдгээрийн авьяас, сурах, төлөвших, хөгжих үйл явцад цогцоор нь анхаарал тавих, аливаа урлаг, спортын арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулалтыг сайтар хангаж, суралцагчийн эрх ашиг, сонирхлыг дээдэлж, хүндэтгэлтэй хандаж байхыг сургуулийн нийт багш, албан хаагч, удирдлагад мэдэгдэх.

10.    Сургуулийн дотоод зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагаа, багшийг ажлын төлөвлөлт, үнэлгээ, шинжилгээ зэрэг холбогдох явцын болон гүйцэтгэлийн мэдээ, тайланг байнга хөтөлж хэвшихийг сургуулийн нийт багш нарт даалгах.

11.    Сул сонсголтой хүүхдүүдэд сонсголын үлдэгдэл, алдагдлыг нөхөх хэрэгслээр хангах ажлыг эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Энэ үеэр БСШУЯ-ны яамны Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Ажлын хэсгийн шалгалтаар хэн нэгэн багшид хариуцлага тооцох асуудал яригдсан уу? 

-Ажлын хэсэг мэргэжлийн дохионы хэлмэрчидтэй хамтран багш нарын дохионы хэлний чадварт үнэлгээ хийсэн. үүнд 51 багшаас дохионы хэлний чадварын тест авсан. Энэ шалгалдтаар 94 хувь нь  дохионы үсгээр дохиж харилцах чадвартай гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь энгийн түвшний буюу дохионы хэлний анхдагч чадвар  юм. Харин мэргэжлийн багш нарын хувьд 21 багшаас дохионы хэлний 5 түвшингээр сорилын шалгалт авсан. Үүнд 44 хувь нь хангалттай, 50 гаруй хувь нь хангалтгүй, буюу дохионы хэлний мэргэжлийн чадварыг дээшлүүлэх шаардлагатай гэж гарсан. Энэ дүгнэлтийг үндэслээд МУБИС, Монгол Улсын багшийн мэргэжлийн дээшлүүлэх институттэй хамтраад нарийвчилсан чадварын түвшнийг тогтоох сорил тестийн ажлыг  үргэлжлүүлэн зохион байгуулна. Мөн хөтөлбөрийн түвшингийн ялгаатай байдлыг тогтоож багш нарын дохионы хэлний ур чадварыг дээшлүүлсэн мэргэжлийн сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

-Сурагчидтай ёсзүйгүй, хүндэтгэлгүй харилцдаг гэх асуудлыг хичээл хаялт зарласан сурагчид тавьсан. Шалгалтаар энэ асуудал тогтоогдсон уу? 

-Багшийн ёс зүйтэй, багш нарын манлайлалтай холбоотой асуудал   байгаа. Энэ асуудлаар ажлын хэсэг  нийт багш нарыг хамруулсан  нээлттэй санал асуулга явуулж судалгааны ажил зохион байгуулсан. Мөн  сурагчдын төлөөлөлтэй уулзаж санал асуулга, ярилцлага хийсэн. эхний байдлаар багш нарын ёсзүйтэй холбоотой асуудал тодорхой хэмжээнд байж болзошгүй гэсэн дүгнэлт  гарсан. Гэхдээ хэвлэл мэдээллээр яриад байгаа шиг бүх багш нар ёсзүйгүй  харилцаатай  гэдэг асуудал тогтоогдоогүй. 

-Зарим сурагчид бэлгийн  дарамт үзүүлдэг байсан гэх асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ асуудлыг сургуулийн удирдлагууд эсэргүүцэж байгаа. Харин ажлын хэсэг   энэ ноцтой асуудлыг шалгасан уу? 

-Энэ асуудал дээр яамны зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Ажлын хэсэг эцэг эхчүүд, багш нарын төлөөлөлтэй уулзсан. Одоогийн байдлаар энэ асуудал тогтоогдоогүй байна. Сургуулийн зүгээс хууль шүүхийн байгууллагад хандсан. ийм асуудал байгаа эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Үүний дараа  ажлын хэсэг холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.

-Сургуулийн удирдлагын зүгээс  "Нэр төрөө сэргээлгэнэ, мэдээлэл өгсөн сурагчийн  ярилцлага өгөх үеийн дүрс бичлэг байхгүй, хэлмэрч буруу орчуулсан" гэх зэргээр өөрсдийгөө хамгаалж байгаа. Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд ямар нэг байдлаар сэтгэл зүйн дарамт үзүүлээд өөрсдийнхөө гэмт үйлдлийг хаацайлах вий гэсэн хардлага, болгоомжлол  үүсээд байна? 

-Бид та бүхэнтэй ижил байр суурьтай байна. Хамгийн гол асуудал бол хүүхдийн эрх ашгийг хамгаалах зарчим дээр  тулгуурсан асуудалд хандаж байгаа. Хоёрдугаарт 29-р сургуулийн багш ажилчдын нэр хүндийн асуудал яригдаж байгаа учир асуудалд бодитой хандах нь чухал байна. Тиймээс хүчирхийлэл байгаа эсэхийг эцэслэн тогтоосны дараа арга хэмжээ авах асуудал яригдана. Ажлын хэсгийн ажилласан хүрээнд ийм асуудал гараагүй. Хэвлэл мэдээллийнхэн асуудалд бодитой хандаасай гэж хүсч байна. Яагаад гэхээр энэ асуудал 29-р сургуулийн сурагчдад хүндээр тусч байгаа. Хууль хяналтын байгууллагын дүгнэлт гарсны дараа  энэ талаар дахин мэдээлнэ. 

- Хичээл хаясан 15 хүүхдийн  тавьсан асуудлуудын хэд нь үндэслэлтэй, хэд нь үндэслэлгүй  гэж гарсан юм бэ? 

-Хэд хэдэн багц асуудал байгаа. Эхнийх нь багш нар дохионы хэлээр мэргэжлийн түвшинд сургалт явуулах чадамжгүй гэх асуудал  тодорхой хэмжээний үндэслэлтэй гэж тогтоогдсон. Харин багшийн ёсзүйтэй холбоотой   хохирсон асуудал одоогоор тогтоогдоогүй байна. Гэхдээ сургуулийн дэг журам, харилцааг судлахад цаашид багшийн ёсзүйг чанд сахих, мэргэжлийн ёс зүйг сахих, хичээл сургалтын хэвийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгох шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. 

-Таны хэлж байгаагаар бол ёсзүйгүй харилцдаг нь тогтоогдоогүй, бэлгийн дарамт үзүүлдэг байсан нь тогтоогдоогүй  юм байна. Энэ шалгалтыг ямар  арга аргачлалаар хийсэн юм бэ? 

-
Багш нараас санал асуулга, фокус группийн ярилцлага, гомдол гаргасан эцэг эхийн төлөөлөлтэй холбогдож санал асуулга явуулсан. Энэ үеэр сурагчдын амралт таарсан тул бүх эцэг эх хамрагдаж чадаагүй. сурагчдаас 3 сурагчтай уулзсан.  Одоо үргэлжлүүлэн сурагчдаас санал асуулга явуулах ажил үргэлжилж байна. Энэ асуудал хурцадмал байсан учраас ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулж байна. 

-Сургуулийн удирдлага бэлгийн дарамт байхгүй гэсэн тайлбарыг өгч байгаа. Гэхдээ тэд ярилцлага өгсөн сурагч, мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчийг буруутгаж байгаа болохоос яг ийм асуудал байгаа эсэхийг тогтооход анхаарахгүй байгаа нь анзаарагдсан. Энэ асуудалд ямар арга хэмжээ авч байна вэ? 

-Энэ асуудлаар сургуулийн зүгээс цагдаагийн байгууллагад хандаад байна.

-Сургууль нэр төрөө сэргээлгэх гэж хандаж байгаа шүү дээ? 

-Нэр төрөө сэргээлгэх тухай асуудал нь хэвлэлийн бага хурлын үеэр яригдсан зүйл. Сургуулийн зүгээс  бэлгийн дарамт байгаа эсэхийг тогтоож өгнө үү гэж цагдаад хандсан.  Сурагчдын хичээл хаях шаардлагад бэлгийн дарамтын асуудал байгаагүй. 

-Хэдийгээр эх сурвалжийн нэрээ нууцалсан ч сайтад ярилцлага өгсөн сурагчийг сургууль даяараа мэдчихсэн байх жишээний. Та бүхэн энэ хүүхдийн цаашдаа сурч боловсрох, гадуурхагдахгүй байх эрхийг яаж хангах вэ? 

-Асуудалд бодитой хандах ёстой. Энэ асуудлаас болж  сурагчид, хэн нэгэн хохирох ёсгүй. Мөн  29-р сургуульд ажилладаг багш нарын итгэл сэтгэл  гундах ёсгүй. 

-Одоо  төгсч байгаа 12-р ангийн сурагчдын мэдлэгийн түвшинг  тогтоосон уу. Төгсөх ангийн сурагчдын дунд их дээд сургуульд эдсэх боломжтой сурагч бараг байхгүй гэдэг зүйл яригдаж байгаа? 

-Ажлын хэсэг сургууль дээр ажиллах  үеэр сурагчдын амралт таарсан. Сурлагын түвшинг тогтоох ажлыг  үргэлжлүүлэн хийнэ. Ажлын хэсгийг дүгнэлтэд  их, дээд сургуульд элсэхтэй холбоотой бэлтгэл ангийг ажиллуулах, ахлах сургуулийн сургалтын чанарт үнэлгээ өгч, сургалтын хөтөлбөрт, төлөвлөгөөнд шинэчлэл хийх  чиглэл гарсан. 

-29-р сургуульд  340 хүүхдийн дунд нэг сэтгэл зүйч ажилладаг юм билээ. Энэ нь хангалттай үзүүлэлт мөн үү? 

-Боловсролын тухай хуульд тусгай сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйч, эмч, сувилагч ажиллуулах бололцоог нээсэн. энэ хүрээнд 29-р сургуульд нэг сэтгэл зүйч ажиллаж байгаа. Орон тооны хувьд 340 хүүхдэд 1 сэтгэл зүйч ажиллаж байгаа нь хэвийн гэж үзэж байгаа. Гэхдээ туслах багшийн албан тушаал, ангилал, цалингийн асуудал шийдэхээр тусгасан. Дээр нь  ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн ачаалалтай холбоотой асуудлаар шаардлагатай журмуудад өөрчлөлт орно.

-Ном сурах бичгээр хангах, сургалтын  төлөвлөгөөг боловсруулах асуудал байгаа. Энэ асуудлыг ямар хугацаанд шийдэх вэ?

-Энэ бол бодлогын асуудал. Тусгай сургуулиудын сурах бичгийг жил бүр хэвлэж байгаа. Одоогийн байдлаар бага ангийн түвшинд бүх сурах бичиг, сурагчийн хэрэглэгдэхүүн хэвлэгдсэн. Бүрэн дунд боловсролын  шатанд сургалтын  төлөвлөгөөг шинэчлэх ажил  Боловсролын хүрээлэн дээр хийгдэж байна. Гол нь хөгжлийн хязгаарлалттай байдалд нь тулгуурласан, хүүхдийн онцлогт тулгуурласан  уян хатан сургалтын төлөвлөгөөг мөрдөж эхлэхээр судалгааны ажил явж байна. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээх ажил сургалт шаардлагатай хүүхдэд сургалтын ихэнх цагийг зарцуулах, ахуйн баримжаа бий болгох, амьдралын дадал зуршил олгох шаардлагатй сурагчдад энэ чиглэлийн сургалтыг түлхүү хийх, цаашдаа их дээд сургуульд суралцах боломжтой сурагчдад академик сургалтыг түлхүү өгөх зэрэг харилцан ялгаатай сургалтын төлөвлөгөө боловсруулж байна. Энэ ажил судалгааны шатанд явж байна. Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний тухайд сургууль тус бүр өөрийн онцлогт  тохирсон сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн хийх нь нээлттэй байх бололцоогоор хангаж байна. Эдгээр ажлыг 2018 онд хэрэгжүүлэх сайдын чиглэл гарсан. 

-Сургуулийн захирал нь жагсаал хийсэн 15 хүүхдийн нэг нь бичиж, уншиж чаддаг, бусад нь сурлага тааруу гэсэн ярилцлага өгсөн. 12 жил сурчихаад уншиж, бичиж чадахгүй төгсч байгаа нь, сургуулийн удирдлага нь "Угаасаа сурлага муутай  юм чинь яах юм" гэдэг тайлбар хэлж байгаа нь зөв  юмуу? 

-Бид асуудалд ийм өнцгөөс хандахгүы байна. Сурагчдын  бэрхшээл нь янз бүр. Энэ бол зөвхөн 29-р сургуулийн асуудал биш. Тусгай сургуулиудад байгаа нийтлэг асуудал. Зарим хүүхдийн тухайд ЕБС-д сурч байхдаа эмгэг согогыг  нөхөн сэргээх, засч  сайжруулах, нийгэм ахуйн баримжаатай болгох  сургалтыг түлхүү хийх  шаардлагатай  байдаг. Ийм чадварыг сургууль олгож байгаа нь маш том амжилт. Зөвхөн сургалтын тухай  асуудал биш. Зарим нь тэргэнцэртэй, хавсарсан согогтой хүүхдийн  тухайд нийгэм ахуйн баримжаатай болоод гарах нь чухал. Гэхдээ  улам ахиулах, хөгжүүлэх асуудал хүүхэд бүр дээр өөр өөр байдаг. Бичиг  үсэг суралцах, их дээд сургуульд  суралцах боломжтой бол сургалтын чанарын асуудлыг анхаарах ёстой. 

-Сургуулийг  тодорхой хугацаанд удирдчихаад өнөөдөр ийм түвшинд байгаа сургуулийн  захиралд хариуцлага тооцох уу? 

-5 жил ажилласан хүн байгаа. Энэ ажил үргэлжилж байна. Эцсийн дүгнэлт гарсны дараа сургуулийн удирдлагад хариуцлага тооцох асуудал яригдана. 

Эцэг эхийн төлөөлөл: Яамнаас гарсан Ажлын хэсгийнхэн эцэг эхийн төлөөлөлтэй уулзсан гэж ярьж байгааг гайхаж байна. Та бүхэн бидэнтэй уулзаагүй шүү дээ? 

-Гурван хүүхдийн эцэг эхтэй уулзсан. 

-3 хүүхдийн эцэг эх, 300 гаруй хүүхдийг   төлөөлж чадах уу?

-Сурагчдын амралт  таарсан гэдгийг хэлсэн. Цаашид энэ ажил үргэлжилнэ. 

агш нарын нь 94 хувь нь мэдлэг чадвартай гэж үнэлэгдсэн гэж байна. Гэтэл төгсөх ангийн сурагчид нь уншиж бичиж чадахгүй төгсөх болсонд эцэг эхчүүд бид  маш их харамсч байна. 

-Багшлах боловсон хүчнийг бэлтгэх асуудалд  тусгайлсан арга хэмжээ авах шаардлагатай  гэдэгтэй санал нэг байна. Тусгай сургуульд ажиллах согог зүйч багш бэлтгэх  сургалт зогсоод 10 гаруй жил болсон. Гурван жилийн өмнөөс МУБИС-д Тусгай сургуулийн багш бэлтгэх бакалаврын түвшний сургалт  нээгдсэн. Одоогийн байдлаар 1,2-р ангид 33 багш бэлтгэгдэж байна. Мөн 2 жилийн өмнөөс дээд боловсрол эзэмшсэн багш нарыг мэргэжлийн сургалтад хамруулж  1 жилийн түргэвчилсэн арга зүйн сургалтад хамруулсан. Үүнд 70 гаруй багш хамрагдаж байна. Цаашид сургалтын чадавхийг дээшлүүлэх, сургуулийн болон яамны дэмжлэгтэйгээр гадаад улсуудад багш  бэлтгэх  ажлууд явагдаж байна. Солонгост суралцаж байгаа  3 багш хавар төгсөж ирээд сургуульдаа ажиллана. Япон улсал  2 мастер багшийг   МУБИС-д суралцаж байгаа багш нарыт багшлуулахаар бэлтгэж байна.   Мөн ОХУ, Унгар улсад тусгай сургуульд багшлах боловсон хүчин бэлтгэж байна. 

-Тусгай сургалттай сургууль гэж  яриад байх юм. 29-р сургуулийн сурагчид бол оюуны хомсдолтой хүүхдүүд биш. Сонсголгүй болохоос  энгийн хүүхдүүдтэй адил боловсрол эзэмших боломжтой байдаг. Ингэж суралцаж чадаж байгаа жишээ  зөндөө байна. 

-Тусгай сургалттай сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаа нь үнэн. Одоогоор 5 тусгай сургуульд 1500 хүүхэд хамрагдаж байна. Тиймээс холбогдох арга хэмжээ авах шаардлагатай. 
 
С.Отгон 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна