Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг

2017/04/07
Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр. Үүнтэй холбогдуулан холбогдох мэргэжилтнүүд Эрүүл мэндийн яаманд “Сэтгэл гутралын талаар ярилцъя” сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг аж. Үүнээс 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэн нас бардаг байна. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг ба өдөрт 500 хүн амиа егүүтгэдэг тухай ДЭМБ мэдээлсэн.

Монгол Улсад 135 сэтгэцийн эмч тусламж, үйлчилгээ үзүүлдэг байна. Иргэд сүүлийн жилүүдэд сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, тусламж үйлчилгээ авах нь нэмэгджээ. Хуучин цагт сэтгэцийн эрүүл мэндийг солиорол, галзуурал гэж ойлгодог байсан бол одоо стресс, нойргүйдэл зэрэг нь сэтгэцийн эмгэгтэй холбоотой гэдгийг илүү ойлгож, мэргэжилтнүүдэд ихээр ханддаг болсон байна.

Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа егүүтгэх тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой гэж мэргжилтнүүд үзэж буй юм. Сэтгэл гутрах эмгэг дэлхийн дахинд болон манай улсад түгээмэл тархжээ. 

Хүмүүс сэтгэл гутралд өртөж байгаа хэдий ч түүндээ тохирсон тусламж үйлчилгээ авч чадахгүй л байна. Нөгөө талаас сэтгэл гутралыг илүү үр дүнтэй эмчилдэг болсон хэдий ч эмгэгт өртөгсдийн хагас нь л эмчилгээ авдаг байна. Энэ нь тусламж үйлчилгээ үзүүлж буй бэлтгэгдсэн хүний нөөцийн чадавхи болон нийгмийн гадуурхалтай холбоотой байна.

Сэтгэл гутрал нь аливаа зүйлийг хийх идэвх сонирхол буурах, сэтгэл санаа дундуур, уйтгартай байх, нойргүйдэх, хоолны болон бэлгийн дуршил буурах, сарын тэмдгийн мөчлөг хямрах, өөрийгөө голох, буруутгах, үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах зэргээр сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг илэрдэг аж.



Энэ талаар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт У “Энэ өдрийн компанит ажлын гол зорилго нь сэтгэл гутралтай хүн бүр мэргэжлийн тусламж хүртэх эрхээ эдлэх ёстойг олон нийтэд ойлгуулах юм.  Сэтгэл гутрал бол нийтлэг эмгэг. Дэлхийн хүн амын 4  хувь нь сэтгэл гутрах эмгэгээр өвчилсөн байдаг. Сүүлийн 10 жилд энэ эмгэгийн тоо 18 хувиар өссөн байна. Шалтгаан нь дэлхийн хүн амын өсөлтөөс гадна эдийн засгийн асуудалтай холбоотой юм. Сэтгэл гутрал нас хүйс, ажил мэргэжил хамаарахгүй хэнд ч тохиолдож болно.

Хамгийн гол нь төрөөс энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Сэтгэл гутрах эмгэгийн эсрэг оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт эргээд 4 ам.доллар болж өсдөг гэсэн тооцоо байдаг.  Учир нь сэтгэл гутралгүй эрүүл хүн ам улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг” гэсэн юм.


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл "Манай улсын нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол тийм  ч өндөр биш. Хүмүүс маань сэтгэл гутарлаа тэр бүр анзаардаггүйгээсээ тусламж авч чаддаггүй. Ер нь дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн эмгэгээр өвддөг гэж үздэг.

Манай төвийн саяхан хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн таван хүүхэд тутмын нэгд нь сэтгэцийн асуудалтай байсан. Ялангуяа өсвөр насны охидын дунд сэтгэл гутрал их байсан. мөн хүүхэд төрүүлсэн зургаан эмэгтэй тутмын нэгд нь сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байна гэсэн дүн гарсан. Манай төвд жилдээ 40 гаруй мянган хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 6000 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг.

Үүнээс сэтгэл гутралын оношийг үзэхэд жилдээ 1800-2000 хүн сэтгэл гутралтай, бусад сэтгэцийн хавсарсан асуудалтайгаар хэвтэн эмчлүүлж байна. Монгол Улсад 22 жилийн дараа 2013 онд Сэтгэцийн зонхилон тохиолдох эмгэгийн тархалтын судалгаа хийхэд стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин өссөн судалгаа гарсан" гэлээ.



Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн 1 жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэгджээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15%-ийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзлэх ба үүний 2,3% хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна. Мөн Монгол улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6% нь сэтгэл гутрах эмгэгтэй. Сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг ба сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа егүүтгэх явдал юм.

Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 2013 оны тавдугаар сард хийсэн зөвлөмжид “Сэтгэл гутралын эсрэг бүх улс оронд цогц, зохион байгуулалттай арга хэмжээ авах”-ыг уриалсан байна.
Сэтгэл гутрал нь хэнд ч тохиолдож болох нийтлэг эмгэг тул өвдсөн тохиолдолд эрчимтэй эмчилгээ хийлгэж, өөртөө сайн анхаарал тавих хэрэгтэй. Сэтгэл гутрал архагшвал амьдралын чанарт муугаар нөлөөлж, өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулдаг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна