Нийтлэлч Гомбосүрэнгийн Галбадрах бичиж байна
Чи хэн нэгнийг сониучирхан, зөвхөн "өөрийн нүдээр" харж, "ухаан алдатлаа" дурлан, салж хагацахгүйн тулд "амьдрал" зохиосон шиг бусад хүмүүс ч яг тэгдэг. Гэртээ байгаа үнэ цэнэтэй тавилгуудынхаа адил хайртай хүнээ "өөрийн өмч" мэт үзэн харамлан харддаг шиг, бусад хүмүүс ч адил тэгдэг. Бусдын дэргэд ухаалаг төлөв "дүр бүтээх" гэж зовдог атлаа, өөрийн гэртээ орж ирээд л "дураараа дургин, дун чөмгөөрөө жиргэдэг" шиг бусад хүмүүс ч тэгдэг.
Өөрийгөө толинд харсан мэт дуурайх хүүхдүүдээ "бусдын хүүхдүүдээс дор" явуулахгүй гэсэндээ аашилж зэмлэн, аргадаж учирладаг шиг бусад хүмүүс ч тэгдэг. Бид ажил болон олон нийтийн газар бие биенээсээ "дор орохгүй"-н тулд "жүжиглэж" амьдардаг атлаа гэртээ орж ирээд хаалгаа хаасны дараа яг өөрийн бодит төрхөндөө айж ичилгүйгээр орно. Бидний бусдаас огт хамааралгүйгээр өөрийн хүссэнээрээ амьдарч болох орон зай бол бидний гэр.
Бидний амьдрал, гэртээ орж гэрийнхээ хаалгыг хааснаас хойш бодитоор өрнөдөг юм даа. Тэгэхээр чиний гэрийн хаалганаас цаана орших бусдын гэрийн хаалган доторхи амьдрал бол БУСДЫН АМЬДРАЛ.
Хүн болгон өөрийн боломжоороо амьдралаа авч явах боловч, бусдын амьдралыг заавал сониучирхдагаас "хэрэгт дурлан", хов живийг амилуулцгаана. "Тэр тэгсэн гэнээ" гэдэг хэлцээр эхэлсэн элдэв хов жив, бусдын амьдралыг шүүн хэлэлцэж, тэдний өмнөөс шийдвэр гаргах хүртлээ өргөжиж, "Яадаг юм би шударгаар хэлнээ" гэсэн зоримог алхам дунд уг шийдвэрээ тэдэнд тулган зэвүүцэл болоод уйлаан гоморхолдоо хүрч төгсдөг.
Өөрийн амьдралын элдэв асуудлаа өөрөө шийдэж чадахгүй хэрнээ, өрөөл бусдын амьдралд заавал оролцон сэтгэлийн их таашаал эдлэн, сүр хүч ухаанаа бусдад гайхуулахыг хүсэгчид даанч олон. Өөрөө арчаагүй хэрнээ өрөөл бусдад арчаатай байхыг сургадаг хүмүүс олширсноос л хов жив, хэрүүл маргаан дэлгэрч, хүмүүсийн сэтгэлийг хиртээж зовоогоод байдаг юм шүү дээ.
Бусдын амьдралыг шүүмжлэн зохицуулахыг хүсдэг ер бусын хүсэл тачаалын гайгаар олон гэр бүлүүд маргалдан муудалцаж, тэр ч бүү хэл салж холдох тохиолдол зөндөө. Төрсөн ах дүүсийн дунд ч "Загалмайлсан зохицуулагчид" тодорч, бүх л ах дүүсийнхээ амьдралд оролцон хянаж, "өөрийн хүн"-ээ өмөөрөн шийдвэр гаргадаг тохиолдол нэг биш. Гэсэн атлаа салгаж бутраасан тэр гэр бүлийн төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй, тэдний сэтгэлийн зовлон шаналлыг ч бүр тоохгүй. Зүгээр л ингэж бах таваа хангадаг хүмүүс цөөн биш.
Бид нэг л зүйлийг ухаарч ойлгодоггүй. Чиний амьдралд элдэв асуудал тулгарч, уг асуудлаа зөвөөр шийдэхийн тулд ухаан зарцуулж, тэвчээр гаргадаг шиг бусад хүмүүс ч тэгдэг. Бид гаднаас нь харж өөрийн дүгнэлтээрээ хандаад байдаг болохоос биш, тэдний хоорондох ээдэрсэн утасны зангилааны учрыг тэднээс өөр хэн ч мэдэж тайлдаггүй.
Чамд бусдад хэлэхээс ичдэг, хэнд ч мэдүүлэхийг хүсдэггүй асуудал байдаг шиг тэдэнд ч тийм асуудал байгаа. Түүнийгээ тэд л өөрсдөө мэдэж шийдэж байх үүрэгтэй. Хайртай ах, дүүгийн чинь, эсвэл дотно найзын тань ханиараа сонгосон хүн чамд таалагдахгүй байгаа шалтгаан нь, чи уг хүнийг тэр хүний "нүд, сэтгэлээр нь харж" чадахгүй, тийм боломжгүйд байгаа юм шүү дээ.
Тэгэхээр чи өөрөө тэр хүнтэй гэрлэчихсэн юм шиг, эсвэл насаараа хамт амьдрах юм шиг бухимдан цухалдаад байх хэрэггүй. Тэд бие биенээ сонгож амьдарч байгаа болохоор заавал чамд таалагдах албагүй. Бусад хүмүүс өөрийн гэртээ "лаагаа ч луувангаа ч идэж" байх нь, "цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэж" байх нь тэдний хэрэг бөгөөд энэ нь бусдад хамаагүй зүйл. Тэд өөрийн амьдралд тохиолдoж буй сайн муу асуудлуудаа өөрсдөө шийдэж байвал юутай сайн.
Хэн нэгэнд "унатлаа "дурлаж, бие биедээ соронзон мэт татагдаж, нэг ч өдөр бие биенгүйгээр байж чадахгүй болохоороо гэрлэж өөрийн амьдралаа босгоно. Тэд гэртээ орж хаалгаа хааснаас хойш тэдний дотоод асуудал болон амьдралд нь хэн ч оролцох эрхгүй. Тэр л гэрийн хаалга тэдний ашиг сонирхол, хувь араншин, дур зоргоороо байх хүслийг нь бусдаас хамгаалан хязгаарлаж байдаг юм.
Гэртээ өөрийн дураар байж байтал хэн нэгэн хаалгыг нь тогшиж зөвшөөрөл авалгүйгээр орж ирээд, тэдэнтэй яг адил байхыг хүсч шаардах ахул хэн ч дуртай байх билээ. Бусдын амьдралыг бусдад үлдээж бай. Бүү шүүмжлэн хэлэлцэж, өмнөөс нь шийдвэр гаргахыг оролдож бай. Бидний "Бусдын хэрэгт дурлах" муу зуршил олон залуусыг салгаж, амьдралыг нь сарнииулж, хайрыг нь унтрааж, итгэл найдварыг нь мөхөөж байдаг. Та өөрийн амьдралдаа хэн нэгнийг оролцуулах хүсэлгүй бол тэд ч яг л тан шиг хүсч байдаг юм шүү дээ.
Та алдсан ч оносон ч өөрийнхөөрөө амьдрахыг хүсч байгаатай адил тэд ч бас тэгж хүсч байгаа. "Өөрийн толгой дээрх бухлаа олж харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг олж хараад" байх хэрэггүй. Бусад хүмүүсийн амьдралын асуудал нь олон нийтийн эрх ашгийг хохироох хэмжээнд хүрээгүй л бол хэн нэгэн оролцох шаардлага ч үгүй. За тэгээд өөр зүйлгүй дээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна