Хүүхдүүд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриаллаа

2017/04/10
Замын цагдаагийн албанаас уламжлал болгон “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг Тусгаар тогтнолын талбайд дөрөв дэх жилдээ зохион байгуулсан юм.

Тус өдөрлөг нь Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мессежийг хүүхдийн дуу хоолойгоор дамжуулан хүргэх зорилготой. Хүүхдүүд "Таны машин төмрөөр хийгдсэн, харин Би бол үгүй", "Нэг жилд нэг анги" гэхчлэн жолооны ард суудаг хүн бүрт зориулсан уриа, лоозон барин ирсэн байв.

Мөн “Зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгох, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх”-д чиглэдэг байна.
Өдөрлөгт оролцож буй багачууд "Хурдаа хасч ирээдүйгээ гэрэлтүүлцгээе, бага насны хүүхдийг тусгай суудал хэрэглэж тээвэрлэх ёстой, эрүүл иргэн баймаар байна" хэмээн уриалсан юм.

2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд бэртэж гэмтсэн үзүүлэлт гарчсан байна. Амь насаа алдсан хүүхдийн 12 нь орон нутагт автомашинд зорчиж байхдаа осолдсон гэжээ.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 50 хүүхэд нас амиа алдаж, 1,078 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоо байна.
Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна