-Олны танил бүсгүй гэхээр л тэнгэрийн амьтан байхгүй нь тодорхой. Танд ч гэсэн өөрийн гэсэн жаргал, зовлон байх нь мэдээж. Бүсгүй хүн тэнгэрийн талыг үүрдэг гэдэг утгаараа таны нуруун дээр хэр их ачаа явдаг бол?
Байлгүй яах вэ. Гэхдээ би үүнийг ерөөсөө ачаа гэж бодож байгаагүй. Миний амьдрал угаасаа л ийм байсан болохоор надад хүнд санагддаггүй. Хүн өөрийнхөө хүслээр, өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа учраас түүнийгээ хүнд ачаа гэж боддоггүй болов уу.
-Урлагийн төлөө 20 гаруй жил зүтгэчихлээ. Харин хувийн амьдралдаа жаахан хожуу анхаарал тавьсан...?
Хэдэн жилийн өмнө нэг хүн надад “Одноо чи урлагийнхаа гавьяаг байгуулчихлаа. Одоо амьдралынхаа гавьяаг байгуулах хэрэгтэй” гэж хэлж байсан. Энэ үг надад их туссан. Би хүний үг сонсоогүй юм шиг өнгөрдөг мөртлөө орой нь очоод заавал боддог. Бодохдоо дандаа надад хэрэгтэй юм юу ярьчихав аа гэж боддог. Үнэхээр ч ажил ажил гэж явсаар байтал цаг хугацаа надад мэдэгдэхгүйгээр өнгөрсөн. Нэг л мэдэхэд би өдий насыг насалчихаж. Насаараа хүнтэй суухгүй байх гэж бодох үе хүртэл надад байсан. Нөхрийн талаар огт бодохгүй, ажлаа хийгээд л явдаг байлаа. Хувь тохиол гэж байдаг бол би хэн нэгэнд сэтгэл алдраад суух байх гэж бодохоос цаашгүй явсан гэх үү дээ. Гэтэл хүнтэй суух л тавилантай байж. Нэг л өдөр миний энэ амьдрал надад хүрээд ирсэн.
-Тийм ч болохоор та аз жаргалтай байна уу?
“Хэзээ ч амьдрал төгсөж магадгүй. Төгсгөл нь харагдаагүй байхад тэр хүний аз жаргалтай байна уу, үгүй юү гэдгийг яриад яах вэ” гэдэг шүү дээ. Гэсэн ч би өнөөдөр аз жаргалтай байна. Аз жаргал гэдэг бол ерөөсөө л сэтгэл ханамж 100 хувь байхыг хэлдэг. Би хэд ч нас¬лаа билээ. Бас олдсон энэ хэдэн өдрийг аз жаргалтай л өнгөрөөмөөр байна шүү дээ. Тийм ч болохоор би энэ амьдралыг шийдсэн. Одоо надад сайхан байна.
-Ханьтай байх шиг жаргал хаана ч байхгүй гэдэг юм билээ?
Хань ижилтэй байхын олон сайхан жаргалыг мэдрэхгүй явжээ. Яагаад хүмүүс ханьтай бол гэж байнга хэлдэг байсны учрыг одоо л ойлгож байна. Хүн өөрөө энэ бүхнийг амталж, мэдрээгүй цагт мэддэггүй юм байна. Би юугаар ч дутахгүй байна гэж бодож явсан бол өнөөдөр дутагдаж байсан гэдгээ маш сайн ойлгосон.
-Мэргэжил нэгтэйн дээр нэг хамтлагаас хос төрсөн нь сайхан санагдсан?
Тийм ээ. Их амар байдаг юм. Өглөө гараад орой яг л хамт гэртээ орж ирнэ. Харин үргэлж хамт байдаг болохоор нэг нь рекламны зураг авахуулахаар хэдхэн цаг салахад л хурдан ирээсэй гэж үгүйлдэг. Тийм ч болохоор “Ямар азаар чи бид хоёр хамт байна вэ” гэж бид баярладаг. Тэгээд ч над шиг урлагийн хүнийг ойлгодог эр хүн хажууд байгаа нь сайн хэрэг. Өөр мэргэжлийн хүнтэй суусан бол хэн л эхнэрээ оройтуулж ирүүлэхийг хүсэх вэ дээ.
-Хүний эцэг, эх ханилж суухад хамгийн ихээр нөлөө үзүүлдэг. Тийм ч болохоор та хоёрын ээжүүд өөрсдөөсөө хийж чадах бүхнээ хийсэн юм шиг байна?
Тийм ээ. Бид хоёрын бодож байсан хэмжээнээс шал өөрөөр хүлээж авсан. За, ёстой юу л болох бол доо гэж бодож байтал ард түмэн ч их зөөлнөөр хүлээж авсан шиг санагдсан. Тэгэхээр хүнд муу юм хийхгүй, ямар ч хүнд зөв, сайхан сэтгэлээр хандаж явахад амьдрал ч гэсэн чамайг хайраар хүлээж авдаг юм байна.
-Ер нь яаж яваад та хоёр урлагийн тайзнаас гэр бүл болтлоо дотно харьцаанд хүрэв ээ. Үүнийг олон хүн одоо ч сонирхдог?
Хүнд мэдрэмж гэж бий. Бараа намайг их хүндэлдэг нь мэдрэгддэг байсан. Уран бүтээлчийнх нь хувьд л намайг хүндэлж байна гэж анх хүлээж авдаг байлаа. Миний хувьд Барааг анх хараад “Дажгүй сайн жүжигчин гарах нь дээ” гэдгээс цаашгүй байсан. Ирээдүйд сайн жүжигчин болох нь, жүжигчин хүнд байх ёстой бүх чанарууд байна. Дуу хоолой, бие хаа, царай зүс гээд жүжигт л баймаар, гол дүрүүдэд л тоглож баймаар залуу уран бүтээлч гарч ирж байна даа гэж бодогдсон. Яваа яваандаа бид хоёр аливаа уран бүтээл дээр хамтарч ажиллахдаа хүнийхээ мөн чанаруудыг ойлголцож эхэлсэн. Энэ хүн юуг хайрлаж хүндэлдэг юм байна, амьдралаас юуг үнэлдэг, юуг үзэн яддаг, юуг жигшдэг, яаж амьдрах хүсэлтэй юм байна гээд хүнийхээ мөн чанарын үүднээс илүү мэдэрсэн. Тэр нь миний эр хүнийг үнэлэх үнэлэмжүүдэд дүйцэж, тохирсон. Эр хүн тийм байх ёстой, ийм байх ёстой гэсэн миний аймаар хатуу болзлуудыг давж чадсан гэх үү дээ. Тийм ч болохоор “Ямар азтай охин Бараатай суух бол доо. Бас л амьдралд хэрэгтэй хүн байна шүү” гэж боддог байлаа.
-Тэгээд л шууд ойлголцоод нэг гэрт орчихсон юм уу?
Ерөнхийдөө битүүдээ бие биенээ ойлгоод л яваад байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам бид хоёрын амьдралд хүнд асуудлууд тулгарч эхэлсэн. Яагаад гэвэл хүнд татагдана гэдэг их хэцүү. Үүний эсрэг амьдарна гэдэг бүр ч хэцүү. Хоёулаа болохгүй ээ гэж бид хэсэг хугацаанд явсан. Яагаад ч болохгүй гэж явсан цаг хугацаа бидэнд бас бий шүү дээ. Түүнээс биш шууд нийлчихсэн юм биш. Гэсэн ч зугтаах тусмаа нийлдэг юм байна. Зугтаах тусмаа бие биенээ үгүйлдэг, бие биенээ хайрладаг. Зугтаах тусмаа хамт амьдармаар санагдах болсон. Тэгээд нэг өдөр л “Ингэж байгаад юу хийх вэ. Хоёулаа нийлээд амьдаръя” гэж Бархүү маань хэлсэн. Залуу хүн болохоор зоригтой л байдаг юм билээ. Би өөрөө амьдралын сайн, муу олныг үзсэн болохоор татгалзах байр суурин дээр байсан. Харин сүүлдээ Бараагийн эрч хүч, энерги нь нөлөөлсөөр байгаад намайг аваад суучихсан болов уу гэж боддог.
.
-Бараатай суух азтай охин нь та өөрөө байж?
Магадгүй ээ. Бид хоёрын сонирхол их нийлдэг. Хоёулаа гэрсэг амьтай. Олон хүний дуу шуугиантай газраар хоёулаа явах дургүй. Зан ааш нь их нийлдэг. За тэгээд зав л гарвал гэртээ байх сонирхолтой. Их гэр бүлсэг, гэр бүлийн үнэ цэнийг ойлгодог. Энэ нь ч нийлэхэд бас нөлөөлсөн болов уу.
-Одоо та хоёр зав л гарвал хоёулхнаа байхыг эрмэлздэг болсон уу?
Зав л гарвал охиноо аваад хотоос жаахан гадагшаа салхинд гарах ч юм уу, ер нь цөөхүүлээ байх дуртай.
-Танай том охин, Бараа хоёр сайн ойлголцдог байх?
Манай охин, Бараа хоёр надаас түрүүлж ойлголцсон гэж боддог. Миний охин Бараа бид хоёрын асуудалд зөв хандлага үзүүлээгүй бол өнөөдөр иймдээ тулахад хэцүү. Бараа үүнийг тооцоолсон байх л даа. Ямартаа ч охин маань Бараагийн талаар зөв бодолтой, бид хоёрыг нийлэхэд дургүйцэхгүй байсан нь маш том хүчин зүйл болсон.
-Олон жилийн турш та ганцаараа явсан хүн. Харин одоо айлын эзэгтэй болсноор ачаалал, хариуцлага их нэмэгдсэн үү?
Ачаалал маань харин ч хөнгөрсөн юм шиг санагддаг. Манай охин, Бараа хоёр намайг нэг их хоол унданд гар хүргэхийг хүсдэггүй. Чи сууж бай, чи амарч бай, би хийчихье гээд л өмнүүр ороод хийчихдэг. Бараа маань өөрөө хоол хийх дуртай. Тэр нь ч надад их амар байдаг /инээв.сурв/. Би нэг ийм л заяанд төрсөн хүүхэн шиг байна.
-Гэхдээ та хэр халамжтай эмэгтэй вэ?
-Би нэг их нялуун биш. Гэхдээ нэг хүнд сайн болвол сайнаараа л дуусдаг. Нэг хүнийг хайрлавал хайрласан шиг хайрлана. Надад таарсан, таалагдсан гутлыг би хэдэн жил ч өмсөж чадна. Тэр гутлыг хэдээр нь ч аваад зөвхөн тэрийгээ л өмсөөд байж чадна. Юмнаас ерөөсөө уйддаггүй. Яг л сонирхсон, дурласан, таалагдсан бол би огт уйддаггүй зантай.
-Бараагаас бол хэр барагтай уйдахгүй нь ээ. Уучлаарай энэ тоглоом шүү?
Уйдахгүй ээ. Гэр бүлтэй атлаа өөр хүн харна гэж миний сэтгэлд огт буудаггүй. Энэ бол миний хайрын үнэ цэнийг мэдрэхтэй холбоотой. Миний хувьд гэр бүлийг маш чухлаар төсөөлж, ойлгодог. Миний үзсэн нэг кинонд нэгэн бүсгүй өөрийнхөө өсвөр насандаа амьдарч байсан газар хоёр жаахан хүүхдийг дагуулж ирдэг. Гэтэл тэр газар нь бүр сүйрээд зөвхөн байшин л үлдсэн байдаг. Тэгээд нөгөө хоёр хүүхэдтэй тэр байшиндаа тоглож наадаад л буцах болсон чинь хүүхдүүд “Та энэ байшиндаа үлдэх үү” гэж асуудаг. Харин бүсгүй “Үлдэхгүй, яагаад гэвэл миний хайрлаж байсан бүх хүмүүс энд байхгүй” гэж хэлдэг. Тэр бүсгүйн хэлсэн “Энд намайг хайрладаг хүмүүс маань алга” гэдэг үг надад их содон туссан. Тэгэхээр гэр бүл гэдэг энэ хорвоо дээр хэзээ ч, хэн ч чамайг хайрлахгүйгээр хайрлаж чад¬даг. Чиний төлөө амьдарч, чиний төлөө зүтгэж, чиний төлөө алалцаж чадах хүн тэр гэр бүлд л байдаг. Гэр бүл гэдэг зөвхөн эр, эм хоёр хэдэн хүүхэд гаргаад, мөнгө олохын төлөө зүтгэдэг зүйл биш. Гэр бүл гэдэг энэ хорвоо дээр хэнээс ч илүү хайрлах хүн нь байж, хэнээс ч илүү өмгөөлөхийг хэлдэг. Тийм ч учраас гэр бүлийнхээ хүнийг хайрлаж, гэр бүлийнхээ хүний нэр төрийг боддог байх хэрэгтэй. Эр нөхрөө хайрлаж, нэр хүндийг нь өргөж явах ёстой. Хэзээ нэгэн цагт, хаа нэгэн газар эхнэртэйгээ явж байхад хэн нэг нь хараад “Би энэний чинь эхнэртэй учиртай. Хөөрхий энэ муу амьтны эхнэр нь надад сайн шүү дээ. Энэ муу нөхөр нь мэдэхгүй л явна” гэж нөхрөө бусдаас дор оруулахгүй байх хэрэгтэй. Гэр бүлийн уур амьсгал гэдэг уг нь их гоё зүйл шүү дээ. Гэхдээ юмны үнэ цэнийг мэддэг болсон цагт л эр нөхрөө хуурахгүй, эхнэрээ хуурахгүй, нөхрөө бусдаас дээгүүр алхаж явах үнэ цэнийг бий болгох ёстой гэдгийг ухаардаг. Тэгэхгүй бол эхнэрээ, нөхрөө хуурч явах нь утгагүй. Түүний гэр бүл ямар ч үнэ цэнэгүй болно гэсэн үг. Үүнийг гэр бүл болж байгаа бүх улсууд маш сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг.
-Тэр үнэн шүү. Гэхдээ ийм босго өндөртэй бүсгүйг Бараа эхнэрээ болгож чадлаа?
Би архи уудаг хүнтэй хэзээ ч амьдрахгүй гэж дотроо хатуу шийдсэн. Тамхи татдаг хүнтэй нэг дор байж чадахгүй. Яагаад гэвэл тамхины утаа авахад л миний хамар, ам битүүрдэг. За бас эмэгтэй хүнийхээ хувьд би түүнийг харж таашаал авах хэрэгтэй. Гэтэл тэр хүнд чадвар бас байх ёстой. Орой үдэш баар цэнгээний газраар явж, охид хүүхэн рүү өлөн нүдэлдэг эр хүнд би үнэн голоосоо дургүй. Бас гэр бүлээ үл хүндлээд л энд тэнд балай мааз яриа ярьж, эхнэрээ эвгүй байдалд оруулдаг эр хүн надад бас таалагддаггүй. Эхнэр л хоол хийх ёстой гээд гэр орондоо сонин уншаад хэвтчихдэг хүн сонин биш. Ачааллыг адилхан л үүрэх ёстой. Энэ бүх шалгуурыг Бараа давсан. Ёстой нас нь л надаас дүү юм даа гэхээс бусад бүх зүйлээрээ бид хоёр тохирдог. Хамгийн гол нь энэ бүх сайхан чанаруудыг би Бараагаас олж харсан.
-Анх сэтгэлээ илчлэхэд нь та яаж хүлээж авсан бэ?
Би өөртөө итгээгүй. “Чамд хайртай” гэж хэлэхэд нь шоконд ороод сонин болдог л юм билээ. “Ямар азтай охин Бараатай суух бол доо” гэж бодож байсан хүн маань хэлж байна шүү дээ гэж бодохоор бүр сонин болсон. Гэхдээ л би их азтай юм.
-Тэгвэл Бараа Одноотой сууснаас хойш тайз, дэлгэц, рекламны од боллоо гэсэн яриа гарах болсонд та ямар хариулт өгөх вэ?
Эр хүн гэдэг утгаараа бахархал болгож би нөхрөө сонгосон. Би түүнийг хүндлээгүй, тоогоогүй бол сууна гэдэг хэцүү. Ялангуяа над шиг олон жил ганцаараа шийдвэр гаргаж ирсэн бүсгүй хүнд өөрөөс минь дор эрэгтэй хүн тэгтлээ сонирхол татахгүй болчихдог юм байна. Муухайгаар яривал би хэзээ ч авьяас чадваргүй хүнтэй суухгүй байсан. Хэрвээ тэр авьяас чадваргүй байсан бол миний нүдэнд өртөх ч үгүй. Энэ ч утгаараа Бараад өөрт нь юм байгаа болохоор гол дүрд тоглож, клипэнд тоглооч гэсэн санал ирдэг. Би гуйж клипэнд тоглуулаагүй. Хүмүүс өөрсдөө Барааг гуйж ирдэг.
Сэтгэгдэл бичигдээгүй байна