“Зүүдний гуйлга” шүлгийнхээ утга агуулгыг тайлбарлаж суухдаа Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам ийн бухимджээ.
Тэрбээр урьд нь “Бид бүгдээрээ гуйлгачид” хэмээн хэлж байсныг нь сануулсан сэтгүүлчийн асуултад “Яахав даа, адилхан ядарсан улс байж бид нэг нэгнээ гуйлгачин гэж их хэлэх юм. Бүр гутаан доромжилж, зүхэж хэлдэг гээч. “Зүүдний гуйлга” шүлгийг бадаг бадгаар нь тасалж авч үзвэл их утга учиртай. “Араг үүрсэн ижийг минь зэрэглээн дундаас ургуулж өгөөч” гэсэн мөр бий. Амьд байхад нь хий хоосон юманд мөргөж, зул өргөөд л будда, христ ч гэнэ үү.
Шал худлаа юм шүтэж явахын оронд амьд бурхан ижийдээ ганц удаа мөргөхөд яасан юм бэ. Архи ууж тамлаж тамлачихаад шарил дээр нь очоод “Намайг уучлаарай, би одоо сайн байна” гэж мянга илэрхийлээд яах юм. Тэр бол ёстой адгийн, арчаагүй гуйлгачин. “Адууны тоосон дундаас аавыг минь морьтой нь торойлгоод өгөөч” гэж гуйж байна, бас.
Өнгөрсөн хойно нь юу ч гуйгаад нэмэргүй шүү дээ. Тэгэхээр бид яадгаа алдсан гуйлгачид юм биш үү. Одоо ч тэгээд ер нь юм, юм л гуйдаг гуйлгачидтай болж дээ. Хог түүдэг, сэнтий гуйдаг гуйлгачны хооронд ялгаа ерөөсөө байхгүй. Нүцгэн ирээд, нүцгэн буцдаг хорвоод тэр олон одон тэмдгээр яах юм бэ. Тэрний оронд өөрийгөө царайчилж, өөрөөсөө гуйгаач” гэж хариулсан нь олон хүнд их таалагдсан байна.
Э.Сугармаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна