Манай улсад хар тамхитай холбоотой хэрэг буурахгүй байна

2017/04/11
Өнгөрсөн бямба гаригт Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд хар тамхи хэрэглэж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаа нар очиход хар тамхи хэрэглэж байсан 4 этгээдийг саатуулсан байна. Хэргийн газарт 22 настай Б, 39 настай Б, 26 настай Д гэх гурван эрэгтэй, 19 настай А гэх эмэгтэйтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх мөс, өвс хэрэглэж мансуурч байсныг тогтоожээ.

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, хэрэглээ буурахгүй байна. Монгол залуусыг ирээдүйд заналхийлж буй энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийг өнгөрсөн сараас Хар тамхитай тэмцэх газар болгон үйл ажиллагааг нь өргөтгөөд байгаа.

Мөн тус газрын албан хаагчид өнгөрсөн нэг сарын хугацаанд хар тамхийг хууль бусаар хил давуулдаг дөрвөн бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан байна.

Тодруулбал, 35 настай Х гэгч эмэгтэйг "Чингис хаан" олон улсын нисэх буудлаар 70 гр хар тамхи нэдврүүлсэн хэргийг шалгаж байгаа гэнэ. Мөн 50 настай эмэгтэй Б гэгч нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 200 гр орчим хар тамхи нэвтрүүлж, бусдад зарж байхад нь саатуулсан байна. Түүнтэй хамт уг хэрэгтэй холбоотой гурван хүнийг хамт саатуулж шалгаж байгаа аж.

Т.Очир
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна