УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Банкны тухай хуулиас ялгаатай ямар зохицуулалт орж байгаа вэ?
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг оны өмнөхөн өргөн барьсан. Энэ долоо хоногт хэлэлцэж эхэлнэ. Өнөөдрийн /өчигдөр/ бүлгийн хурлаар мөн танилцуулгыг хийлээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Банкны тухай хуулиар гадаадын банкны салбар нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулах, үйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй байгаа. Энэ хуулиар хориглосон зохицуулалт байхгүй. Одоо манайд үйл ажиллагаа явуулж байгаа 13 банкны найм нь их бага хэмжээгээр гадаад иргэн, гадаадад бүртгэлтэй аж ахуйн нэгж хуулийн этгээдийн хөрөнгө оруулалттай. 100, 50 хувийн хөрөнгө оруулалттай ч байгаа. Манай үндсэн том гурван банк буюу ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банк гадаад улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттай байх жишээтэй. Тэгэхээр энэ шинэ хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай банкыг шинээр зохицуулалт хийгээд, эсвэл гадаадын банкны салбарыг шинээр оруулж ирэх нь хаалттай байсан зүйлийг нээлттэй болгосон зүйл огт биш. Одоо байгаа хуулийн хүрээнд Оросын банкны салбар манайд ажиллаж байсан. Тэгэхээр энэ нь манайд цоо шинэ эдийн засгийн харилцаа, зохицуулах гээд байгаа зүйл огт биш. Нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон банкууд орж ирсэн тохиолдолд дотоодын банкуудтай хүч тэнцвэргүй банкны өрсөлдөөн бий болж болзошгүй учраас энэ эрсдлээс хамгийн түрүүнд зохицуулалтыг хийж өгөх ёстой. Тиймээс Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль Банкны тухай хуулиасаа тусдаа батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалттай банк салбар, нэгжүүд манайд ажиллахдаа ямар салбар, ямар хэсэг дээр ажиллах вэ гэдгийг тодорхой зааглаж өгснөөрөө бид ийм эрсдлүүдийг хамгаалах боломжтой.
-Гадны банк орж ирснээр янз бүрийн эрсдэл бий болох вэ гэсэн болгоомжлол олон нийтийн дунд бий. Нөгөө талаас өгөөжтэй талууд нь юу байна вэ?
-Хүмүүсийн ярьдгаар өөр бусад янз бүрийн эрсдэл байж болзошгүй. Гадаадын хөрөнгө оруулалт банкны салбаруудыг дагаж, мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх, геополитикийн довтолгооны, эдийн засгийн тагнуулын зэрэг иймэрхүү эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид үүнтэй тэмцэхийн тулд олон улсын стандартад нийцсэн хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах, дотоодын хууль хүчний байгууллагуудыг илүү сайжруулах, чанаржуулах арга хэмжээг авах хэрэгтэй. Түүнээс зах зээл бүх зүйлээ хааж хаячихаад суугаад байх юм бол асуудлыг шийдэх оновчтой арга биш гэж үзэж байна.
Бусад сайн талууд гэвэл гадаадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагууд орж ирснээр өнөөдөр манайд хамгийн их дутагдалтай байгаа гадаад валют, капиталын урсгал нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдэнэ. Дээрээс нь дөрөв, таван жилийн өмнө манай эдийн засаг хамгийн өндөр өсөлттэй байсан үеийнх шиг манай зах зээл олон улсын сонирхол татахаар биш байгаа. Харин энэ хуулийг баталснаар гадаадын банкуудыг, гадны хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллага хаалга тогшоод ороод ирэх нөхцөл байхгүй. Тэглээ гээд энэ асуудлыг хойшлуулж болохгүй. Энэ нь дунд хугацаанд 8, 10 жилийн хугацаатай шилжилтийн бүтцийн өөрчлөлтийн процесс учир хугацаа алдалгүй эхлүүлэх нь чухал. Тиймээс энэ хуулийг энэ хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэж нэг тийш болгох хэрэгтэй гэж үзэж байгаа.
-Гадны банк орж ирвэл яг ямар зохицуулалт хийхээр хуулийн төсөлд тусгасан бэ?
-Манай банкны систем өрөөсгөл шинжтэй явж ирсэн. Технологи талаасаа бол сайжирч байна. Гэхдээ сүүлийн 25 жил хоёр шатлалтай болж ирснээрээ арилжааны банкууд зөвхөн хадгаламж дээр өрсөлддөг. Тэр хэрээрээ хадгаламжийн хүү өндөр байх тусмаа бусад санхүүгийн зуучлалын өртгүүд буурах ямар ч боломжгүй. Тэгэхээр үүнийг задалж, банкны системд төвлөрчихөөд байгаа мөнгөний урсгалыг хөрөнгийн зах зээл рүү чиглүүлэх нь бодлогын цөм байх учиртай. Хөрөнгө оруулалтын банк энэ чиглэлд үйл ажиллагаа явуулна.
Гол зааглаж байгаа зүйлүүд гэвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах банк нь гадаадаас олон улсын санхүүгийн зах зээл дээрээс өөрсдөө хөрөнгөө авчирч манай зах зээл рүү нийлүүлэх ёстой. Түүнээс дотоодын банкууд ажилладаг хадгаламжийн зах зээл рүү ороод бусад банктай өрсөлдөөд хадгаламжийн хүүг өсгөж, тэтгэврийн зээл өгөхгүй. Энэ бүгдийг хориглож зааглаж өгнө. Магадгүй 100 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт шаардсан урт хугацааны хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж болно. Мөн дотоодын банкны дүрмийн сангийн доод хэмжээ 50 тэрбум байхад хуулийн төсөл дээр гадаадын хөрөнгө оруулалттай банк Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах юм бол дүрмийн сан 500 тэрбумаас доошгүй байна гэх зэргээр зах зээлийг нь зааглаж өгсөн зохицуулалт хийж байна. Ер нь бол хамгийн эхний зорилго дотоодын банкны зэх зээлийг хамгаалах. Дээрээс нь том бизнес эрхлэхэд шаардлагатай мөртлөө дотоодын банкууд өгч чадахгүй байгаа мөнгийг оруулж ирэхийг зорьсон. Банкууд хоорондоо зээл олгож байна.
-Төсвийн тодотголын талаар ямар байр суурьтай байна вэ?
- Дан ганц төсөв гэдэг утгаараа биш ОУВС-тай хамтарч ажиллана гэдэг утгаараа тодотголоор орж ирж байгаа асуудлуудыг дэмжиж байгаа. Уг нь хаврын чуулган эхлэхээс өмнө ээлжит бус чуулган зарлаад явсан бол хугацаа хожих байсан. ОУВС-ийн эхний ээлжийн санхүүжилт болон манайхтай хамтарч ажиллахаа илэрхийлсэн олон улсын байгууллагуудын мөнгө ороод ирэх байсан.
-Бизнес эрхлэгчид татвар нэмэхийн эсэргүүцэж эхэллээ. Татвар нэмснээр гарах сөрөг үр дагавар юу вэ?
-Төсвийн тодотголоор оруулж ирж байгаа татваруудад бизнес эрхлэгчдэд шууд нөлөөлж байгаа татвар байхгүй. Нийгмийн даатгалын асуудал эрт орой хэзээ нэгэн цагт хөндөгдөнө. Манай нийгмийн даатгалын тогтолцоо 2000 оноос хойш буруу явж ирсэн. Өнөөдрийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээр тэтгэврийг тавьж байгаа. Уг нь бол нийгмийн даатгалын шимтгэлээр нийгмийн даатгалын сан арвижиж байх ёстой. Гэтэл ямар ч мөнгөгүй болсон. 2020-2030 онд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх хүлээлт бий. Тэр үед нийгмийн даатгалын сан мөнгөгүй болно. Тэгэхээр бидний татвараар төлдөг мөнгөөр тэтгэвэр тавих тогтолцоо руу шилжих нөхцөл үүсэх учраас даатгалын санд мөнгө хуримтлуулж байх ёстой.
Миний эргэлзэж байгаа зүйл бол хадгаламжийн хүүнээс татвар авах. Хуулийн зохицуулалтаар 2018 оноос хэрэгжих байсан ч наашлуулчихлаа. Хадгаламжийн хүүгийн татварыг эдийн засгийн өсөлттэй үед авдаг. Гэтэл эдийн засгийн хүндрэлтэй үед авч байгаа нь хугацааны хувьд буруу болчихоод байна. Хадгаламжийн татварын хүү олон улсад хэрэглэгддэг зарчимаараа бол төсвийн орлогыг бүрдүүлдэг гэхээсээ илүүтэйгээр төсвийн бодлогын зохицуулалтын арга хэмжээ буюу хэт банкны системд төвлөрсөн хөрөнгийн урсгалыг үнэт цаас зэрэг өөр зах зээл рүү оруулахад түлхэц болдог.
Эх сурвалж: Зууны мэдээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна