Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газраас иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг худалдан авч байсан. Иргэд энэхүү хувьцаагаа 300 мянган төгрөгөөр зарахаар гэрээ хийсэн ч заримынх нь дансанд зөвхөн урьдчилгаа 100 мянган төгрөг олгогдоод сураггүй болсон. Үүнтэй холбогдуулж Сангийн дэд сайд Х.Булгантуяа 1072 хувьцааг эргэлтэд оруулах талаар судлах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа.
Иргэдийн дунд одоо үлдсэн хувьцаагаа яах вэ, яаж эргэлтэнд оруулах вэ гэсэн асуулт их байгаа. Тэгвэл, энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлэхдээ “Өргөдөл, гомдол иргэдээс ирж байгаа. Ерөнхий сайд чиглэл болгосны дагуу 1072 хувьцааг эргэлтэд оруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж эхэлсэн.
“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвтэй хамтран энэ асуудлыг хэрхэн цогцоор нь шийдвэрлэх вэ гэдгийг судлахаар ажиллаж байна. Удахгүй энэ асуудлыг Засгийн газрын түвшинд танилцуулна. Ажлын хэсгийн зүгээс хувьцаа бүхий иргэд болон энэхүү хувьцааг худалдан авсан аж ахуйн нэгжүүдийг хохироохгүйгээр шийдэл гаргаж тавих ёстой” гэжээ.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна